“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчид хуралдлаа. Энэ удаагийн удаагийн хурлыг тус компанийн www.ett.mn сайт болон “1072 хувьцаа мэдээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжуулсан юм.
Хурлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан байна.
Тус компани 2019 онд гадаад, дотоодын өр төлбөргүй ажилласан бөгөөд 50 болон 60 сая дахь тонн нүүрсээ олборложээ. Улмаар нэг тэрбум ам.долларын борлуулалттай, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
2019 оны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн болон Төрийн аудитын байгууллагын шалгалтаар ямар нэг зөрчилгүй гэсэн дүгнэлт гарснаар анх удаа зөрчилгүй төрийн өмчит компани болж бүртгэгдсэн гэдгийг онцолсон юм. Үүнээс гадна Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажилласан.
Одоогоор 41 худалдан авагчтай нүүрс худалдах авахаар гэрээ байгуулсан ажиллаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар төлбөрөө авсан байгаа. Нүүрсээ авч амжаагүй компаниудын мөнгөн дүнг өр төлбөр гэж явдаг. Өөрөөр хэлбэл, одоо байгаа өр төлбөр нь зээлийн хэлбэрийн өр төлбөр биш гэж онцлон хэллээ. Энэ үеэр эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулсан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр тооцож олгоно.
Ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс олгох ажлыг зохион байгуулна. Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах Хороо, Монголын хөрөнгийн биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгааг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахим хэлбэрээр хуралдуулжээ.