2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоолоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” тушаалыг гаргажээ.
Тушаалд элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож Удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан суралцагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосон байна.
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 30882 шалгуулагч хамрагдснаас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулна. Их, дээд сургуулийн бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум www.cmuc.edu.mn -аас лавлах боломжтой юм.