Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, бичил цэцэрлэг байгуулж байна

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр 12 байршилд газар чөлөөлөлт хийж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.

Чингэлтэй дхорооны Дипломат 95-р байрны хойд талын байрнуудын дунд олон жил барилгын суурь ухагдаж орхигдсон 2000 метр квадрат тус талбайг ийнхүү чөлөөлж олон нийтийн эзэмшил болгож тохижуулж буй нь энэ юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард бичил цэцэрлэг байгуулах ажил эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 1 нд ашиглалтад ороход бэлэн хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд эзэмшил газраа олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж бичил цэцэрлэг байгуулж байна. Тохижилтын явц 90 хувьтай явж байна.Урд нь энэ хэсэгт барилгын суурь ухаад хашаа татаад орхичихсон байсан. Орчны аюулгүй байдлыг хангаагүй, хогоор дүүрсэн газрыг тохижуулж бичил цэцэрлэг байгуулж байгаад иргэд талархал илэрхийлж байгаа” гэв.

Цаашид бичил цэцэрлэгийг Чингэлтэй дүүргийн ТҮК бүрэн хариуцаж, арчлалт хамгаалалтын ажлыг хийх юм байна.

Өргөөгийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурвас байгуулж байна

Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан ажлын явцыг шалгаж, гүйцэтгэгч компанийн ажилчидтай уулзав. Гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьжээ. Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.

Өргөөгийн уулзвараас уруудаад Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурваст нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийгдэх бөгөөд 1610 метр квадрат талбайг шинээр зүлэгжүүлэх аж. Мөн  21924 метр квадрат талбайд ногоон байгууламж, мод бут сөөг тарьж суулгах бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс гурван жилийн хугацаанд ногоон байгууламжний арчлалт тордолгоог бүрэн хариуцах аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл бичих