ХӨСҮТ-д тусгаарласан байсан нэг иргэнээс коронавирус илэрч, Монгол Улсад 37 дахь тохиолдол бүртгэгджээ. Тус иргэн нь ОХУ-д сурдаг оюутан гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
ХӨСҮТ өчигдөр буюу энэ сарын 24-нд 58 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэг, Налайх, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байсан 16 иргэнээс тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй аж. Түүнчлэн Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос вирус илрээгүй. Харин Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тусгаарлан тандалт, судалгаа хийж байгаа аж.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "ОХУ-аас энэ сарын 11-нд эх орондоо ирсэн 32 оюутны 19-өөс нь коронавирус илрээд байсан. Өчигдөр илэрсэн тохиолдлыг нэмээд 20 болж байна" гэлээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/