Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Уг хууль нь 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалт шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Тодруулбал,
- Сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонх бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шаардлагыг Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам хэсэгт,
- Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх,
- Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох зохицуулалтыг,
- Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоохоор,
- Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалтыг,
- Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг,
- Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг тус тус нэмэхээр тусгажээ. Мөн Засгийн газар гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалт нэмсэн байна.