ОХУ-аас эх орондоо ирж буй иргэдийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлж Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт тусгаарлаж байгаа. Тусгаарлах байрны зардлыг иргэдээс гаргуулж, ирэхээсээ өмнө болон тусгаарлах байранд орсон үед тодорхой хэмжээнд хуваан авч байгаа аж. Гэвч тусгаарлах байрны зардлыг төлүүлэх явцад хүндрэл үүсч байгааг аймгийн Онцгой байдлын дарга С.Пүрэвсамдан хэлж байна. Тухайлбал гэр бүлээрээ тусгаарлалтад орсон, зөвхөн өндөр насны тэтгэвэрээрээ амьдардаг, оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг 28 иргэн дутуу болон огт төлөөгүй нөхцөл үүсчээ.
Тусгаарлах байрны зардлаа огт төлөөгүй дөрвөн иргэнийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсний дараа төлбөрөө барагдуулжээ. Одоо 24 иргэний зардлыг төлүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд харъяалах баг, хорооны дагуу шүүхэд шилжүүлсэн байна. Эдгээр иргэдийн төлбөрийг барагдуулж дуусах хүртэлх хугацаанд гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл үүссэн аж.
Дээрх иргэдийн нийт зардал арван сая зургаан зуун жаран мянган төгрөг нэхэмжилсэн байна. Гэрээ байгуулсан ААНБ-ын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, төлбөрийг барагдуулахаар аймгийн Онцгой комиссын эрсдэлийн сангаас шилжүүлэхээр болсон байна.
Тус эрсдэлийн сан нь иргэд, ААНБ-аас өгсөн хандивын мөнгөн хэлбэрээс 10 хувийг нэгтгэн эрсдэлийн сан байгуулсан аж. Иргэд төлбөрөө барагдуулсан тохиолдолд тухайн санд эргүүлэн шилжүүлэхээр зохицуулжээ. Дээрх иргэд АШУҮИС-ийн дотуур байр, Политехник коллежийн дотуур байр “Эс энд Би” зочид буудалд тусгаарлалтад байсан аж.
Дархан-Уул /МОНЦАМЭ/