“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, ШУА-тай хамтран "Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах ажлыг энэ долоо хоногт зохион байгууллаа.
Энэ үеэр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болон 14 хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгч, судлаач нар оролцож хүрээлэнгийнхээ ажил болон 2019 онд хэвлүүлсэн шинэ номын талаар уншигчиддаа танилцуулж, шинэ бүтээлийнхээ дээжсээс Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивласан юм.
ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар хэлэхдээ, "Монгол Улсын Үндэсний номын сан бол монголын оюуны ертөнцийн маш том төв, харин ШУА мэдлэг үйлдвэрлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухааны төв байгууллага юм. Эдгээр байгууллага хамтран нийгмийг соён гэгээрүүлэх том хэмжээний ажил зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг энэ удаагийн ажил харууллаа. Цаашдаа жил бүрийн Номын баярын өдрөөр тухайн жилдээ ШУА-ийн эрдэмтэн судлаачдын бүтээсэн эрдэм номын дээжийг хандивлах ажлыг тогтмол зохион байгуулна. Энэ удаа ном, мэдлэг хэрхэн бүтдэг, түүнийг хэрхэн хадгалдаг, номын доторх агуулга ямар үнэ цэнтэй гэдгээс эхлээд маш өргөн хүрээтэй мэдээллийг иргэдэд өглөө” гэв.
Энэ үеэр нийтдээ ШУА, харьяа хүрээлэнгүүдээс 223 нэр төрлийн шинэ бүтээлийг танилцуулж, 470 ширхэг бүтээлийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлалаа. Номын сангийн хуулийн дагуу ховор нандин олон ном, бүтээл хандивласныг батламжилж тус номын сангаас ШУА-д батламж олгосон юм.
Номын танилцуулгыг пэйж хуудсаар дамжуулан нийтдээ 15 мянга орчим уншигч үзжээ.