ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүсээс давтан шинжилгээ хийхэд Москвад сурч байсан оюутнаас коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 36 болж байна.
Тэрээр ХӨСҮТ-д ганцаараа нэг өрөөнд тусгаарлагдаж хяналтад байсан бөгөөд 13 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр ийнхүү коронавирус илэрчээ.
Алтанбулаг боомтоор өчигдөр орж ирсэн тээврийн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, нийт 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн тандалтын шугамаар Нэгдүгээр болон Хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн 5 дүүргээс цуглуулсан 29 сорьцод коронавирус илрээгүй.
Өнөөдрийн сайн мэдээ нь Туркийн иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Тэрээр эдгэрсний дараа 14 хоног өөр байранд шилжих ёстой байсан боловч санал тавьсны дагуу ХӨСҮТ-д хяналтад байсан юм.Улаанбаатар /МОНЦАМЭ/