Өчигдөр коронавирустэй нь батлагдсан тохиолдолтой ойр байсан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй болохыг ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ болон улсын хэмжээнд өчигдөр коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Батлагдсан 34 дэх тохиолдол буюу жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар ярьж, уулзаагүй гэдгийг камерын бичлэг, хяналтаар тогтоосон" гэдгийг тодотголоо.
Мөн тэрээр, "Орой 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл унтвал хүнийг залуужуулдаг, амраадаг бодис ялгардаг болохыг дэлхийн судлаачид тогтоосон. Тиймээс иргэд сайн амарч дотоод арми буюу дархлалын системээ дэмжих хэрэгтэй”-г мэдээллийнхээ төгсгөлд зөвлөв.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 159 хүн эмчилгээ, хяналтад байна. Халдвартай хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа аж.Улаанбаатар /МОНЦАМЭ/