Мьянмарын баруун хойд нутгийн Ракхайн мужид коронавирусний шинжилгээний сорьц цуглуулж явсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тээврийн хэрэгсэл халдлагад өртсөний улмаас жолооч нь амиа алдаж, Засгийн газрын төлөөлөгч хүнд шархаджээ.
“Пья Соне Вин Маунг Ракхайн мужийн Минбья тосгонд болсон халдлагын үеэр бууны суманд өртсөний улмаас амиа алдсанд гүнээ эмгэнэж байна” гэж ДЭМБ мэдэгджээ. ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн асуудал хариуцсан захирал Пунам Хетрапал Сингх, эмнэлгийн ажилтнуудын эсрэг үйлдэгдэж буй бие махбодын, үгэн, сэтгэл зүйн зэрэг бүх төрлийн хүчирхийллийг зэмлэн буруушаасан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ сарын 20-нд болсон халдлагыг мөн зэмлэн буруушаагаад, амиа алдсан ажилтны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, шархадсан төлөөлөгчид хурдан эдгэрэхийг хүсжээ. Мөн тэрбээр уг хэргийг ил тодоор мөрдөн шалгаж, гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг уриалсан байна. НЕЙПИДО. /CNN/