Монгол Улсад шинэ коронавирусээр халдварласан 35 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээллээ.
ОХУ-аас ирсэн тээврийн жолоочоос өчигдөр коронавирусний халдвар илэрсэн. Түүнтэй ойр байсан 24 хүнд шинжилгээ хийхэд уг жолоочийн кабинд сууж явсан гэр бүлийн хүн халдвартай нь тогтоогдсон байна.
Тэд энэ оны хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот руу яваад, энэ сарын 18-нд эх орондоо иржээ. Ирсэн даруйд нь тусгаарласан бөгөөд давтан шинжилгээгээр ийнхүү эхнэрээс нь коронавирус илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 330 хүнд шинжилгээ хийжээ. 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор Сүхбаатар, СХД-ийн эмнэлгүүдээс цуглуулсан 25 сорьцыг шинжлэхэд халдваргүй гарчээ.
Монгол Улсад "COVID-19"-өөр халдварласан 35 тохиолдлоос 8 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, бээлий өмсөх, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг ХӨСҮТ-ээс санууллаа.Улаанбаатар /МОНЦАМЭ/