Нийслэлийн Засаг даргын А/1254 захирамжаар “Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах , санхүүгийн эх үүсвэрийг судлах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан юм. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш. Анхмаагаар удирдуулсан тус ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/ , Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, Дамбадаржаалин хийдийн цогцолбор газруудаар тус тус орж танилцлаа.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 41 байршилд соёлын өв бүхий барилга байгууламж байгаа бөгөөд Баянгол дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 1 барилга, байгууламж тус тус байршиж байна. Үүнээс гадна шинээр хамгаалалтад авах саналтай 22 барилга байгууламж байгаа талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-эрдэнэ хэллээ.
Мөн эдгээр барилга байгууламжийг сэргээн засварлах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах, соёлын өвийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд дээр төвлөрөн ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш. Анхмаа “Сүүлийн үед түүх соёлын дурсгалт газрууд, соёлын өв болсон барилга байгууламжуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хувийн эзэмшил болгоод ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нураадаг байдал гарч байгаа. Он удаан жил хадгалагдсан балгас болох хэмжээнд хүрсэн эдгээр барилгуудаа цаашид хэрхэх вэ, ямар барилга байгууламжаа сэргээн засварлаж авч үлдээх вэ, соёлын өвийн хуультайгаа нийцэж байна уу гэдэг дүгнэлт гаргах зорилгоор ажиллаж байгаа” гэдгийг онцолж хэллээ.
Цаашид ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/ -ийн тохижилтын ажлыг хийх, үйл ажиллагааг тогтвортой явуулах, ашиглалт хамгаалалтыг сайжруулах асуудал дээр иргэд, хувийн хэвшилтэй хамтран ажиллах санал боловсруулах, аялал жуулчлалын төв болгохоор тогтлоо. Мөн Дамбадаржаалин хийдийн цогцолбор газрын хамгаалалтын бүс бүхий газар дээр зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэх, газар чөлөөлөх, сэргээн засварлах боломжийг судлахаар болсон юм.
“Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах , санхүүгийн эх үүсвэрийг судлах” үүрэг бүхий ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч. Бат-эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С. Батбаатар нар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар музей, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газруудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд тус тус оролцож ажиллаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс