ОХУ-д коронавирусний вакциныг зургаадугаар сарын 1-нээс туршина

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар 213 улс орон, бүс нутагт бүртгэгдэж,  дэлхий дахинд 2.4 сая хүн өвчилж, 107 мянга гаруй хүн нас баржээ. Харин 640 мянга гаруй хүн  эдгэрсэн бол 1.6 сая хүн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусний халдварын эсрэг хөрш орнууд ямар арга хэмжээ авч буй талаар танилцууллаа.

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 44 хүн нас барсан байна. Нийт өвчлөл 47 мянга гаруй болжээ. Буриад улсад 24 цагийн дотор 28 тохиолдол бүртгэгдэж 153-д хүрчээ. Тиймээс өвчлөлийн өсөлт Москвагаас бусад бүс нутагт шилжиж, 2-3 долоо хоногт дэгдэлт оргил үедээ хүрнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан. Тиймээс ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахих, өвчнийг хөнгөн гэж үзэж болохгүй, маргаашийг хүлээж болохгүй хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд ард иргэддээ анхааруулжээ.

Мөн өвчин 2,3 дахь давлагаагаар дахин гарах эрсдэлтэй тул амны хаалт, ариутгалын бодис, шаардлагатай тоног төхөөрөмжийн улсын нөөцийг бүрдүүлж байгаа аж. Тухайлбал, тус улсад өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол одоо 7.7 сая амны хаалт үйлдвэрлэж хүн бүрийг амны хаалт зүүхийг шаардаж байна.

Зургаадугаар сарын 1-нээс эхлэн “COVID-19” халдварын эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг  сайн дурын хүмүүст турших буюу вакцины хоёрдугаар шатыг эхлүүлнэ гэж ОХУ-ын Микро, микробиологийн үндэсний хүрээлэнгийн захирал мэдэгдсэн байна.

БНХАУ-д эмнэлгээс эдгэрээд гарсан 161 хүний 22 хүнд буюу 13.6 хувьд коронавирус дахин илэрсэн байна. Ийнхүү 14-37 хоногийн дараа коронавирус дахин илэрч байгааг эрдэмтэн судлаачид анхааруулжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал өчигдөр хэвлэлийн хурлын үеэр, “Өнөөдрөөс зарим орон халдварын оргил үе саарч байгаа гэж үзэн хөл хориог хөнгөвчлөхөөр шийдвэрлэж байна. Гэхдээ энэ бол аюулгүй боллоо гэсэн үг огт биш. Тэмцлийг сулруулж үл болно. Урьдын адил илрүүлэх, оношлох, тусгаарлах, хавьтлыг тогтоох ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай. Аюултай вирус учир завсар зай гарвал дахин орж ирнэ” гэдгийг онцгойлон тэмдэглэсэн байна.

Манай улсын хувьд коронавирусний халдварын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх 119 утсанд 154 дуудлага ирснээс 60-70 хувь нь бага насны хүүхэд, залуус амны хаалтгүй явж байгааг анхааруулж өгөхийг хүсжээ. Түүнчлэн ОХУ, Австрали улсаас гурван монгол иргэн корнавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл авчээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих