Коронавирусний халдварын 32 дахь тохиолдол илэрч, Туркийн 2 иргэн эдгэрлээ

оруулсан Алсын Хараа

 Коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2020.04.19/ мэдээллээр Монгол Улсад коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн тоо 32 болж, давтан шинжилгээр 1 тохиолдол илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Коронавирусний халдвараар өвчлөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Турк улсын 2 иргэнээс 5 өдөр дараалан давтан шинжилгээ авахад хариу нь сөрөг гарч эдгэрсэн бөгөөд тэд өөрсдийн хүсэлтээр дараагийн тусгаарлалтаа ХӨСҮТ-ийн хяналтанд байхаа илэрхийлснээр тэднийг тус төвд хяналтанд авахаар боллоо. Бид ОХУ-аас ирж тусгаарлагдсан иргэдээс 30 хүнийг сонгож төвдөө тусгаарласан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг тохиолдол илэрлээ. Ингэснээр коронавирусний халдвар нэг тохиолдлоор нэмэгдлээ. Монгол Улс дотор халдвар тархсан эсэийг тандах судалгаагаар уушгины хатгалгаа болон хавдраар өвчилсөн /7+35/ 42 хүнд коронавирусний шинжилгээ авахад сөрөг гарч халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 105 хүний шинжилгээ сөрөг гарсан учраас тус төвөөс гаргаж өөр газруудад нүүлгэн шилжүүлж тусгаарлахаар болов. Ингэснээр ХӨСҮТ-ийн бэлэн байх орны тоо нэмэгдэж байгаа юм. Бид Монгол Улс дотоодоо халдвар илэрсэн эсэхийг тандах хяналтыг байнга хийж коронавирусний халдварын шинжилгээг авсаар байгаа. Мөн өнгөрсөн гурван сарын турш хийсэн эмчилгээ, шинжилгээ бүх үйл ажиллагаандаа тэмдэглэл, судалгаа хийж байгаа бөгөөд энэ бүхэнд анализ, дүгнэлт гаргаж үүнийгээ үндэслэн цаашдын ажилдаа юу хийх ёстой, юунд анхаарах хэрэгтэй гэдгээ тодорхойлох юм. Дэлхийн бусад улс орнууд ч ингэж ажиллаж байгаа” гэв.Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих