ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унаас сайхан захидал хүлээн авсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп мэдэгджээ.
“БНАСАУ саяхан ойрын зайн тусгалтай пуужин туршсан бөгөөд удаан хугацаанд туршилт явуулж байна. Би Ким Жөн Унаас сайхан захидал хүлээн авсан. Хэрэв би ерөнхийлөгч болоогүй бол АНУ БНАСАУ-тай дайтах байсан юм. Гэсэн ч бидний харилцаа сайн байгаа” хэмээн тэрбээр мэдэгджээ.
2018 оны 6 дугаар сард Сингапурт АНУ, БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт болж, уулзалтын дүнд талууд хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Тэр үед АНУ БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд БНАСАУ-ын эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг хүлээсэн юм. Хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2019 ны 2 дугаар сард Ханой хотод болсон. Энэ үеэр хоёр улсын удирдагч хэд хэдэн уулзалт хийсэн хэдий ч тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураагүй юм. 2019 оны 6 дугаар сарын 30-нд Д.Трамп, Ким Жөн Ун нарын 3 дахь уулзалт болсон юм.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-нд АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Шведэд уулзсан хэдий ч зөвлөлдөх уулзалт үр дүнгүй өндөрлөсөн юм. Тухайн үед БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гиль яриа хэлэлцээ бүтэлгүйтсэн тухай мэдэгдэж, байр суурийнхаа талаар сайтар бодож үзэхийг америкийн талд зөвлөжээ. Харин Төрийн Департамент ийнхүү үзэж байгааг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд уулзалтыг үр дүнтэй болсон гэж үзсэн байна.