Ухань хотод коронавирусний улмаас нас барсан хүний тоо өөрчлөгджээ

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар дэлхийн 213 улс орон, нутаг дэвсгэрт коронавирусний халдвар бүртгэгдсэнээс 2 250 660 хүн өвчилж, 154 256 хүн нас баржээ.

Дэлхийн улс орнууд коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн мэдээллийн үеэр танилцуулсан юм.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод коронавирусний улмаас нас барсан хүний бүртгэлд өчигдөр өөрчлөлт оруулжээ.  Тухайлбал, коронавирусээр халдварлаж гэртээ болон шоронд нас барсан 1 290 тохиолдол бүртгэгдсэнээр нас барсан хүний тоо 3 869 болжээ. БНХАУ-ын хэмжээнд нийт 4 642 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад өчигдөр коронавирусээр халдварласан 26 хүн бүртгэгджээ. Үүний 15 нь гадаадаас ирсэн иргэн байна.

БНСУ-д сүүлийн 24 цагт коронавирусээр халдварласан 22 хүн бүртгэгдсэнээс 11 нь гаднаас ирсэн иргэн байна. Тус улсад өнгөрсөн долоо хотогт Үндэсний Ассамблейн сонгууль болсны улмаас иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. Тиймээс 1-2 долоо хоногийн хугацаанд халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна. БНСУ-д нийт 10 635 тохиолдол бүртгэгдсэн 230 хүн нас баржээ.

Япон улсад өчигдөр коронавирусний 555 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 9 800 гаруй хүн халдварласан байна. 211 хүний биеийн байдал маш хүнд байгаа ба дөрөв нь “Diamond princess” хөлөг онгоцны зорчигчид аж.

Сингапур улсын ЭМЯ-ны мэдээлснээр нэг хоногт 728 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлын 90 гаруй хувь нь гадаадын цагаач ажилчдын дотуур байранд дэгдсэн халдвартай холбоотой аж. Мөн цаашид нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 4 070 хүн коронавирусээр халдварласнаар нийт халдвартай хүний тоо 32 мянга давжээ.  Ирэх 2-3 долоо хоногт халдварын тархалт оргил үедээ хүрнэ гэж Москва хотын захирагч мэдэгджээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих