Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас авсан тодруулгыг хүргэж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээлэл гарч, хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд буруу зөрүү ойлголт төрөх магадлал үүсээд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэг хүн төлөхгүй.
1. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага
2. Төрийн бус байгууллага
3. Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль
4. Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.
Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Үлдэж байгаа 0.01 хувь нь алтны компаниуд юм. Алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд очсон байгаа. Сангийн яам, Татварын ерөнхий газар болон E-баримтад хуримтлагдсан мэдээллийг харахад аж ахуйн нэгжүүдийн бүх орлого буурсан. Ганцхан алт олборлодог аж ахуйн нэгжийнх буураагүй. Иймээс алтны компаниуд татвараа төлнө. Татварын тухай шинэ хуулиар аж ахуйн нэгжүүд тайлангаа гаргаж өгдөг. Одоо цалин өгөх хугацаа ойртож байна. Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгож болно. Аж ахуйн нэгжийн, ажилтны төлөх ёстой Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Засгийн газар өмнөөс нь төлж байгаа. Хэрвээ аж ахуйн нэгж төлчихсөн бол буцааж олгоно. Зарим аж ахуйн нэгж “манай орлого дөрөвдүгээр сард хэвээрээ байгаа учир төлөх ёстой” гэсэн ойлголттой байна. Засгийн газар Шинэ коронавирусын хор нөлөөг он дуустал үргэлжилнэ гэж тооцсон. Орлого нь өнөөдөр хэвийн байгаа ч ирэх сард, зургаа, долоо, наймдугаар сард буурах магадлалтай. Тийм учир орлого нь нэг төгрөгөөр ч буурсан байсан тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ. Тэгэхээр төлчихөөд буцааж авна гэснээс илүү анхнаасаа битгий төл гэсэн журмыг Засгийн газар гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх долоон арга хэмжээ авна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Эхнийх нь нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой байсан. Үнэ буурсан. Хоёрдахь нь хүүхдийн мөнгийг 50 хувь нэмж олгох. Өчигдрийн байдлаар орон даяар хүүхдийн мөнгийг олгочихсон. Гуравдахь нь НДШ, Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх. Энэ шийдвэрийг гаргалаа”.