Нигерийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн коронавирусний халдварын улмаас нас баржээ

оруулсан Алсын Хараа

Нигерийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Абба Кияри коронавирусний халдвар авсны улмаас өнгөрсөн баасан гарагт нас барсан тухай тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Гарба Шеху “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Абба Кияригийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан тухай “Reuters” агентлаг 3 дугаар сарын 24-нд мэдээлсэн байна. Абба Кияри нь өдгөө 77 настай Нигерийн Төрийн тэргүүний ойрын хүрээлэлд багтдаг учир ерөнхийлөгчид ч аюул учирч магадгүй байгааг агентлаг цохон тэмдэглэжээ.

“Абба Кияри таалал төгссөнд ерөнхийлөгчийн засаг захиргаа гүнээ харамсаж байна. Кияригаас коронавирусний халдвар илэрч, тэрбээр эмчилгээ хийлгэж байсан хэдий ч баасан гарагт нас барлаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари хэд хэдэн бүс нутагт 3 дугаар сарын 30-нд хоёр долоо хоногийн хугацаагаар хөл хорионы хязгаарлалт тогтоожээ. Хязгаарлалтын арга хэмжээг дахин 14 хоногоор сунгаж байгаагаа тэрбээр өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн байна. Нигер улсад одоогоор коронавирусний халдварын 493 тохиолдол бүртгэгдсэнээс 12 хүн нас баржээ. Хорин нэгэн сая хүн оршин суудаг, тус улсын хамгийн том хот болох Лагост коронавирусний халдвар анх 2 дугаар сарын 27-нд илэрнээр Африкт коронавирусний халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол болсон байна.

МОСКВА. /TASS/

Сэтгэгдэл бичих