УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө.
Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь дэмжсэн юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ХЭҮК-ын даргаар хууль зүйн өндөр мэргэшилтэй хүн сонгох нь зөв хэмээв. Мөн тэрбээр дэлхий нийтэд хүний эрхийг хамгаалах байгууллагын даргаар эмэгтэй хүн томилох тохиолдол их байдаг гэдгийг онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “ХЭҮК өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ийн ажлын тайланг тогтмол сонсдог. Үүндээ тулгуурлан ХЭҮК-ын тухай хуулийг ч шинэчилсэн. Уг хуулийн хүрээнд комиссын ажил улам бүр сайжирна гэдэгт итгэж байна” гэв.
ХЭҮК-ын дараагийн даргыг сонгох хүртэл одоо ажиллаж буй комиссын гишүүдээс түр орлон гүйцэтгэгчийг томилохыг Хууль зүйн байнгын хороонд үүрэг болголоо.Улаанбаатар /МОНЦАМЭ/