УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлыг дотоодоос бүрэн хангах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр тусгасан. Монгол Улс 2019 онд улсын хэмжээнд 94 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Энэ нь дотоодын хэрэглээний 40 орчим хувийг бүрдүүлж буй үзүүлэлт юм. Үлдсэн хувийг импортоор хангаж байгаа ч баталгаагүй импортын хүнсний ногоо иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.
Тэрбээр, “Хүнсний ногоо тариалалтыг дэмжих зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Хүнсний ногооны импортын татвар 10 хувь байгааг 30 хувь, тэжээлийн болон тосны ургамлын үрийг татваргүй байхаар тусгасан. Төслийг баталснаар дотооддоо хүнсний ногоо тариалалтыг дэмжих, хүн амыг чанартай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ” гэлээ. Тогтоолыг баталсан тохиолдолд энэ оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжих юм.
Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарийн ногоо буюу хүлэмжид тарьдаг ногооны үрийг мөн татвараас чөлөөлөх хэрэгтэй гэсэн санал хэлэв. Мөн үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Засгийн газраас 20 га талбайд хүлэмж байгуулах боломжийг судалж байгааг онцлоод, уг ажлыг амжилттай хэрэгжүүлбэл, нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой хэмээв.
Харин БХБ-ын сайд Х.Баделхан, “Засгийн газраас шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьсан. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэдийг хямд, чанартай бүтээгдэхүүнээр хангах ач холбогдолтой энэ зорилт бүрэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.Улаанбаатар /МОНЦАМЭ/