Э.Бёрнем Их Британийн ерөнхий сайдаар томилогдоно

оруулсан Алсын Хараа

Өчигдөр буюу баасан гарагт Манчестер хотын дарга асан Энди Бёрнем-ийг Лейборист намын даргаар сонгосныг зарласан байна. Их Британийн парламентын Нийтийн танхим дахь лейбористуудын дийлэнх нь буюу 403 депутатын 379 нь түүнийг дэмжжээ.

Ирэх даваа гарагт Чарльз III хаан уг шийдвэрийг баталсны дараа тэрбээр Кир Стармерын оронд Их Британийн Ерөнхий сайдаар томилогдоно.

“Итгэл найдварыг нь улстөрчид эргүүлэн авчирна гэж хүмүүс, нийгмийн янз бүрийн бүлгүүд дэндүү удаан хүлээлээ...Бид энэ итгэлийг нь эргүүлэн авчирч чадна” гэж Бёрнем намын ээлжит их хурлын үеэр хэлжээ. “Улс орны эдийн засаг нь хүмүүсийн ба нийгмийн бүлгүүдийн сайн сайхны төлөө үйлчлээсэй хэмээн бид үнэхээр хүсэж байгаа бол сүүлийн 40 жилийн туршид замнасан замаасаа өөр шинэ замыг сонгох хэрэгтэй” гэж тэрбээр уриалсан байна.

Бёрнем намын даргын сунгаанд 13-ны орой ялсан юм.

“Умардын хаан” хочит аядуу социалист үзэлтэн

Э.Бёрнем Манчестер хотын даргаар гурван удаа дараалан сонгогдсоныхоо дараа “Умардын хаан” гэдэг хочтой болсон байна. Тус хотод нийтийн тээвэр эрчимтэй хөгжиж, манчестерчууд боломжийн үнээр зорчих болсон нь түүний нэр хүндийг өсгөжээ.

Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр тэрбээр Нийтийн танхимын депутатаар сонгогдсоноор Лейборист намын дарга бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөх боломжтой болсон юм. Бёрнем Хойд Английн Мейкерфилд сонгуулийн тойрогт өрсөлдөж, сүүлийн үед Британид нэр хүнд нь өссөөр буй баруун популист Reform UK намаас нэр дэвшигчийг ил давуугаар ялсан юм.

Саяхан тэрбээр ВВС-д ярилцлага өгөхдөө “эдийн засгийн ашиг сонирхлыг чиг баримжаа болгосон социализмыг баримтлагч” хэмээн өөрийнхөө улс төрийн үзэл санааг тодорхойлжээ. Мөн Брекситийг шүүмжилж байснаас гадна ковидын үеэр хөл хорионд орсон хүмүүстэй илүү тусламж дэмжлэг үзүүлэхийг тухайн үеийн ерөнхий сайд Борис Жонсоноос шаардаж байв.

Түүнчлэн нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгө мөнгийг танах бодлого баримталж буй, өөрийнх нь намаас томилогдсон ерөнхий сайд Ким Стармерыг шүүмжилж байжээ.

Сэтгэгдэл бичих