УИХ-ын гишүүд шударга царайлж Монгол төрийн нэр хүндийг гутаахаа болих хэрэгтэй

оруулсан Алсын Хараа

Монголчууд бид эртнээс төрөө дээдэлж, төрийн түшээдээ хүндэтгэн ирсэн ард түмэн. Монголын төр хүчирхэг, нэр хүндтэй байх үедээ улс орны тусгаар тогтонол улам баталгаажиж, төрөөс гарсан шийдвэр, бодлого бүр нийгэмдээ бодитой тусдаг, нийтээрээ хуулиа чандлан сахидаг тэр чинээгээрээ шударга ёс мөн чанараараа оршдог байв. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Монгол төрийн нэр хүнд унаж, хэн хүнгүй хууль биелүүлэх, хэрэгжүүлэх, тэгш боломж нэхэх, шударга ёс шаардах асуудлаар ярьдаг боллоо. Нийтээрээ “Төрийн минь сүлд өршөө” хэмээн цай, сүүнийхээ дээжийг өргөдөг байсан монголчууд өнөөдөр “Төрийн сэнтий зайдагнасан 126 хулгайч” гэж хараан зүхдэг болж. Төрийн нэр хүнд унаж байгаа учраас хуулийн хэрэгжилт суларч, парламент, Засгийн газрын шийдвэр, бодлого бүр нь нийгэмд байгаа онохгүй, иргэдийн бухимдлыг улам төрүүлэх болсон.

Хамгийн ноцтой нь Монгол төрийн нэр хүндийг унагаж байгаа нөлөөлөгч нь ихэнхдээ УИХ-ын гишүүд өөрсдөө байгаа нь харамсалтай. Үүнээс болоод тэнэг болоод хулгайч бол УИХ-ын гишүүн болдог гэсэн ойлголт нийгэмд төрж эхэллээ. Угтаа парламентад сонгогдсон 126 гишүүн бол тухайн бүс, орон нутгийнхаа, намынхаа улс төрийн лидер, салбар бүрийнхээ манлайлагч нь байдаг. Манай бүсээс, манай тойргоос, тэр намаас энэ нь арай дээр, илүү гэж үзээд ард түмэн бидний өгсөн сонголтоор хамгийн олон санал авсан хүн нь төрд гаргадаг. Луйвар булхай байдаг л даа. Гэхдээ дандаа луйвраар сонгогддог гэх бол худал. Энэ утгаараа төрөө байгуулж байгаа бидний тогтолцоо, процесс нь ардчилсан орнуудад явагддаг хамгийн зөв систем учраас энэ дагуу сонгогдон гарч ирсэн хүн нь яагаад ч тэнэг, муу хүн байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл зарим хүмүүсийн хардаг шиг 126 “үхэр” лав гарч ирэх боломжгүй гэсэн үг.

Тэднийг бид сонгож гаргасан. Бидний өмнөөс хэн ч сонгоогүй, бид өөрсдөө л сонгосон. Тэд тэнэг бол сонгож гаргаж ирсэн бид ч бас тэнэг байх учиртай. Монгол бол парламентын засаглалтай ардчилсан орон. Энэ утгаараа парламент буюу төрийн нэр хүнд эрхэмсэг байх ёстой. Түрүүн хэлсэн шиг энэ эрхэмсэг байдлыг алдагдуулагч нь УИХ-ын гишүүд өөрсдөө байгаад л асуудал байна. Монгол Улсын Үндсэн хуульд "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хэлсэн үг, гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй" хэмээн заасан байдаг. Энэхүү зохицуулалт нь хувь гишүүнийг тусгайлан хамгаалах бус, парламентын үйл ажиллагааг хараат бус, чөлөөтэй явуулахад чиглэсэн ардчилсан парламентын дархан эрхийн үндсэн зарчим. Гэвч бодит байдал дээр энэхүү зарчмын утга агуулгыг буруугаар ойлгох, эсвэл өөрийн улс төрийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлах хандлага зарим гишүүдийн үйл ажиллагаанд олонтаа ажиглагдах болсон. Үүний улмаас парламентын индрээс улс төрийн зорилготой ч бай, санаандгүй ч бай, хангалттай нотолгоогүй, хэт туйлширсан, эсвэл төрийн байгууллага, үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц мэдэгдэл хийх тохиолдол олон гарч байна. Аль ч парламентын үед гишүүд хэт улс төржиж нэгнийгээ хулгайч, луйварчин, тендерчин, идэж, уудгаар нь дууддаг атлаа гишүүний хэлсэн үг, мэдэгдсэнээр нэг ч гишүүнд хариуцлага тооцож байгаагүй. Ердөө л нэгнийгээ хардаж, сэрдсэн, уурлаж бухимдахдаа улс төржүүлж хэлсэн хоосон маргаанууд л байдаг. Гэвч эцэстээ ард түмний оюун санаанд парламентын гишүүд өөрсдийгөө хамгийн муу муухай хүмүүс болгон үлдээдэг нь төрийн нэр хүнд унах шалтгаан болоод байгаа юм. Удахгүй төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам болох гэж байна. Монгол төрийн түшээд хичнээн сайн, муу нэртэй ч төрт ёсны их баяраа наадмын төв асрын хоймроос наадамчин олонтойгоо үзэж, сонирхдог байлаа. Гэвч сүүлдээ төрт ёсны их баяр наадмаа төрийн түшээд нь үзэх ёсгүй болтлоо төрийн нэр хүнд унасан нь эмгэнэлтэй санагдаж байна. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг үгтэй. Улс, аймаг битгий хэл сум, баг, овооны наадмын хойморт хүртэл төр, түмний төлөөлөл, тухайн орон нутгийн удирдлагууд тухлан сууж, наадмаа эхлүүлдэг юм шүү дээ. Монголчууд бид чинь төртэй улс. Төртэй байгаа учраас туурга тусгаар байгаа юм.

Тэгэхээр наадмын асрын хоймортоо төрийн түшээдээ суулгахгүй өөр хэнийг суулгах ёстой вэ, эрхэм сошиалчдаа. Ядаж байхад сошиалаар хэсэг хүмүүс “Наадмын асрын хойморт УИХ-ын гишүүдийг суулгахгүй” гэж сэтгэгдлээ илэрхийлснийг нь манай төрийн сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга нь хүлээж авч, ажил хэрэг болгоод УИХ-ын гишүүдэд урилга өгөхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг заавал хэвлэлээр мэдэгдэх, мэдээлэх шаардлага байсан уу, эрхэм сайд аа. Үүнээс өөр хийх ажил, шийдэх асуудал байхгүй юу. Тэртээ тэргүй сүүлийн үед улс төрд залуучууд их болсон. Тэдгээр залуучуудын хандлагаас харахад төрт ёсны их баяраа ойлгож, очиж үзэх сонирхолтой нь ч ховор болсон байна.

Харин ч төрт ёсны их баяр наадмаа хүндэтгэн хүрэлцэн ирж үзэж байгаа УИХ-ын гишүүд, сайд нартаа талархах ёстой юм биш үү. Бүр эсрэгээрээ Үндэсний их баяр наадмаа үзэхгүй байгаа төрийн түшээдээ бид шүүмжилж баймаар санагдах юм. Гэтэл ард түмэн үзэж чадахгүй байгаа наадмыг УИХ-ын гишүүд эрх дархтайгаараа түрий барьж урилга заллагаар очиж үзэх гэлээ гэсэн хоосон үгэнд ороод төрийн сайд нь үүнийгээ төрийн ажил болгож шийдэж л байдаг. Үүнээс болоод УИХ-ын гишүүд нь олон нийтийн дунд элэг доог болж байна. Энэ чинь л Монгол төрийн эрхэмсэг нэр хүндийг эмтэлж байгаа үйлдэл. Нийгэмд өвсний чинээ асуудлыг бухлын чинээ болгочихоор долоон буудлын Должин эмээ хүртэл УИХ-ын гишүүдтэй барьцаж наадмын төв асрын хойморт сууна гэж бухимдана. Гэхдээ суух эрхгүй гэж байгаа юм биш.

Төлбөр юмыг нь төлөөд сууж болно,харин өнөөгийн энэ үнхэлцэг шиг жижиг саванд эрх биш улс удирдаж байгаа хүмүүсээ суулгах нь зөв биз дээ. Хүний нийгэм одоохондоо ийм л байна,өөр арга алга. Эцэст нь боломжгүй зүйлийн төлөө бухимдсан Должин эмгэнд Монголын төр шударга бус санагдах нь ойлгомжтой биш үү. Нэг муу наадам үзэх асуудал дээр хүртэл УИХ-ын гишүүд нь төрийн нэр барьж оролцдог гэдэг буруу ойлголт нийгэмд түгж байна. Бид үнэхээр ийм тэнэг баймааргүй байна. Энэ галзуурлаас чинь болоод Монголын төр муухай харагдаад байна. Монголчууд тэнэг болоод байна. Дээрээс нь Монгол төрийн эрхэмсэг чанар нэр хүнд хүн бүрийн улны гишгүүр болж дууслаа.

Э.МӨНХТҮВШИН

"Өдрийн сонин"

/2026.07.07/

Сэтгэгдэл бичих