Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнамын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг өчигдөр эх оронд нь авчирчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Вьетнамд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн албанд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн 20 адууг Монгол Улсад буцаах шийдвэрийг гаргасан. Энэхүү түүхэн чухал шийдвэрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, мал эмнэлэг, хорио цээрийн шинжилгээ, вакцинжуулалт болон экспорт, импортын зөвшөөрөл, баримт бичгийг үе шаттай бүрдүүлж, монгол түмний их баяр наадмын босгон дээр молор эрдэнийн хүлэг монгол адуугаа эх орондоо авчирлаа.

Эх орон, ард түмнийхээ хүндэтгэл, бахархал болж Вьетнамын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн монгол адууг хүлээн авах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, БНСВУ-ын НАБЯ-ны Хөдөлгөөнт цагдаагийн дэд командлагч, хурандаа До Диен Туй, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Нгуен Ту Нгиа Дук болон дээрх 20 адууны цаашдын арчилгаа, хамгаалалтыг хариуцан ажиллах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид оролцжээ. 20 монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэсэн бөгөөд тээвэрлэлт, ложистикийг Монголын талаас “Өндөр Зотол Ложистик”, Вьетнамын талаас “Golden Sun Logistics Services Co., Ltd” компани хариуцан зохион байгуулсан байна.

Анх 2019 оны долоодугаар сард БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад Морьт цагдаагийн алба үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу манай улсын ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж, 2020 оны нэгдүгээр сард дээрх монгол адууг Вьетнамд тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байжээ. Энэхүү түүхэн үйл явдал нь олон зууны турш Монголын төр, соёлын салшгүй хэсэг байсаар ирсэн монгол морь найрсаг харилцаатай хоёр улсын хамтын ажиллагааны шинэ бэлгэдэл болж буйн тод илэрхийлэл боллоо.

