Оюу толгойн зээлийн хүүг 7.9 хувь болгон бууруулж, хүртэх өгөөжөө энэ жилээс авахаар болов

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй амжилттай хэлэлцээр хийж, үр дүнд хүрсэн талаар Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр мэдээлэл өгөв. Энэ удаад нийт гурван асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Нэгдүгээрт, Оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан байна. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 10.5 хувь байсныг 7.9 хувь болгон бууруулахаар талууд тохиролцжээ. Зээлийн хүүг бууруулснаар Оюу толгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Хоёрдугаарт, Оюу толгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах боломж үүсдэг байсныг гурван жил болгон бууруулжээ. Гуравдугаарт, Оюу толгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэлцээрүүдийн үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Оюу толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа ч хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байгаа. Бид Ардчилсан, эрх чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж, үр дүнд хүрч чадсан Рио тинто компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлж монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө. Энэ бол Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддагийн нэгэн жишээ болон үлдэх болно гэдэгт итгэж байна. Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой хэмээн онцлон тэмдэглэв.

Т.ДАРХАН

Сэтгэгдэл бичих