Канадын шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/16 шигшээгийн тоглолтод Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) багийг 1:0-ээр хожлоо.
АНУ-ын Лос-Анжелес хотод болсон тоглолтын үндсэн цагийн хоёрдугаар үеийн нэмэлт хоёр дахь минутад Стивен Эуштакиу гоол оруулжээ. Канадын багийн ахлагч Альфонсо Дэвис анх удаа талбайд гарсан байна. Германы "Бавари" клубийн тоглогч тэрбээр өмнөх тоглолтуудыг бэртлийн улмаас өнжөөд байсан бөгөөд энэ удаад 75 дахь минутад сэлгээгээр талбайд гарчээ.
Урьдчилсан шатны тоглолтуудын дүнгээр Канадын шигшээ баг "В" хэсэгт 2 дугаар байр, ӨАБНУ-ын баг "А" хэсэгт мөн 2 дугаар байрт оржээ. Өмнөд африкчууд болон Канадын хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа. Канадын баг 1/8 шигшээд Нидерланд, Мароккогийн шигшээ багуудын хожсонтой нь тоглоно. Канадчуудын хасагдах шатны дараагийн тоглолт долоодугаар сарын 4-нд Хьюстон хотод болно.
ӨАБНУ-ын шигшээ багийн 74 настай ахлах дасгалжуулагч, Бельгийн мэргэжилтэн Хуго Брос ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод багаа гаргасан хамгийн ахмад дасгалжуулагч боллоо. Өмнө нь 2018 оны ДАШТ-д Уругвайн шигшээ багийг Оскар Табарес 71 настайдаа удирдаж байсан юм. Канадын баг мөн ДАШТ-ийг зохион байгуулж буй орны хувьд тоглолтоо өөр улсад хийсэн анхны баг болжээ.