Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн чухал үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ манлайлагчдын чуулга уулзалт” буюу “Зуны Давос” болж, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ. Мөн Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаах чиглэлд олон улсын зуучлагчдын оролцоотой хоёр ч хэлэлцээ явагдаж, энх тайвны төлөө нааштай алхмууд хийгдсэн байна. Үүний зэрэгцээ Венесуэлд хүчтэй газар хөдөлсний улмаас олон зуун хүн амиа алдаж, тус улсад асар их хэмжээний хохирол учраад байгаа бол Баруун Европт аагим халуун өдрүүдэд үргэлжилж, температурын дээд үзүүлэлтүүд эвдэгджээ. Ингээд энэ оны 27 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж, ирэх долоо хоногт болох гол үйл явдлуудыг толилуулъя.
"Зуны Давос" чуулга уулзалт боллоо
Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” гэгддэг Шинэ манлайлагчдын 17-р чуулга уулзалт зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Далянь хотод боллоо. Энэхүү чуулга уулзалт нь цар хүрээ, ач холбогдлоороо Швейцарын Давос хотноо болдог өвлийн чуулга уулзалтын дараа орох Дэлхийн эдийн засгийн форумын хоёр дахь чухал үйл явдалд тооцогддог. Энэ удаагийн чуулга уулзалтад 90 гаруй орны 1700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Манай улсаас тус форумд Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
"Зуны Давос 2026"-г энэ жил “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” уриан дор зохион байгуулсан нь хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн сорилтуудад хамтын шийдэл олох гэсэн оролцогчдын эрмэлзлийг илэрхийлж буй аж. Хэлэлцүүлгийн үеэр дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг болох Азийн бүс нутгийн гүйцэтгэх үүрэгт онцгой анхаарал хандуулжээ.
Их Британийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй олонхын санал авч ялснаасаа хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гол шалтгаан нь нөхөн сонгуульд Энди Бёрнхэм ялсан явдал байв. Өдгөө Их Манчестер бүсийн захирагчаар ажиллаж буй тэрбээр Хөдөлмөрийн намынхны дунд нэлээд нэр хүндтэй нэгэн бөгөөд долоодугаар сарын дундуур болох намын даргын сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ. К.Стармер амлалтаасаа няцаж, парламент дахь хатуу байр суурьтай гишүүдийн шахалтаар байр сууринаасаа удаа дараа ухарч, мөн түүний зөвлөхүүд, сайд нар, тэр дундаа Шадар сайд нь зүй бус авир гаргасныхаа улмаас албан тушаалаасаа огцроход хүрсэн нь түүний удирдах чадварыг шүүмжлэхэд хүргэж байв. Хөдөлмөрийн намын хувьд орон нутгийн сонгуульд түүхэндээ байгаагүй хүнд ялагдал хүлээсний дараа К.Стармертай санал зөрөлдсөн долоон сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм.
Түүнийг огцрохоо мэдэгдсэний дараа Европын Холбоо (ЕХ) Их Британитай хийхээр товлоод байсан дээд хэмжээний уулзалтаа хойшлуулжээ. Долоодугаар сарын 22-нд хийхээр саяхан товлоод байсан уг уулзалтыг К.Стармер Их Британи-ЕХ-ны харилцааг шинэ шатанд гаргах боломж хэмээн сурталчилж байсан юм. Харин ЕХ-ны удирдагчид шинэ Ерөнхий сайд томилогдож, үүрэгт ажилдаа орох хүртэл хүлээхийг илүүд үзэж байна. Үүний зэрэгцээ Их Британийн Консерватив намынхны хувьд тун ховорхон тохиох таатай мэдээ дуулдлаа. Тэд Шотландын өмнөд Абердин тойрогт болсон нөхөн сонгуулиар Шотландын Үндэсний намынхныг сүүлийн 50 жилийн хугацаанд тус бүс нутагт анх удаа итгэл төгс ялжээ. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь Шотландын Үндэсний нам газрын тос, байгалийн хийн салбарыг хангалттай дэмжихгүй байгаа асуудалд төвлөрсөн байна. Учир нь Абердин хот нь Их Британийн Умард тэнгисийн газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн гол төв юм.
АНУ, Ираны төлөөлөгчид хэлэлцээ хийв
АНУ, Ираны өндөр албан тушаалтнууд мөргөлдөөний дуусгах тухай санамж бичгийн хүрээнд Швейцарт хэлэлцээ хийлээ. Уг уулзалт нь Ираны тал Ормузын хоолойг дахин хааснаа мэдэгдэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд дахин цохилт өгнө гэж сүрдүүлсэн хурцадмал уур амьсгал дунд эхэлсэн юм. Зуучлагч орнууд болох Катар, Пакистаны хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, АНУ, Ираны төлөөлөгчид эцсийн хэлэлцээрийг ирэх 60 хоногийн дотор байгуулах "замын зураглал"-ыг тохиролцсон байна. Түүнчлэн Ливан дахь мөргөлдөөнийг зогсоох механизмыг тохиролцож, маргаантай байгаа Ормузын хоолойгоор арилжааны хөлөг онгоцуудыг аюулгүй өнгөрүүлэх үүднээс харилцаа холбооны шугамыг нээсэн байна.
Ираны төлөөлөгчдийн тэргүүн мэдэгдэхдээ, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцуудад зориулсан "шуурхай утас" гаргахаар тохиролцсоны дараа манай улс уг хоолойн хөдөлгөөнийг “зохицуулна” гэжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудаас нэг ч улс хураамж авахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Сүүлийн үед уг хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны тоо нэмэгдэж байгаа бөгөөд газрын тосны үнэ мөргөлдөөний өмнөх түвшинд хүрч буурчээ. Брент маркийн түүхий тосны үнэ нэг баррель нь 73 ам.доллароос доошилсон байна. Үүний зэрэгцээ Ливан, Израилын төлөөлөгчид Вашингтонд хэлэлцээгээ үргэлжлүүлжээ. Талууд баасан гарагт суурь хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Суданд дахин хядлага гарч болзошгүй байгааг анхаарууллаа
Суданд дахин аймшигт хядлага, хүчирхийлэл гарах аюул нүүрлээд байгааг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс анхаарууллаа. Учир нь "Шуурхай дэмжлэг үзүүлэх хүчин" (RSF) гэх бүлэглэлийн босогчид Умардын Кордофан мужийн засаг захиргааны төв Эль-Обейд хотыг бүслээд байгаа юм. Тус хотын 500 мянган оршин суугч Умардын Дарфур мужийн нийслэл Эль-Фашер хотын иргэдийн адил гашуун хувь тавилантай нүүр тулгарч магадгүй болоод байна. Өнгөрсөн онд "Шуурхай дэмжлэг үзүүлэх хүчин" Эль-Фашер хотод энгийн иргэдийг олноор нь хөнөөжээ.
Энэтхэгийн Боловсролын сайдыг огцрохыг шаардлаа
Энэтхэгт анагаахын их сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн 2 сая гаруй залуусыг дахин шалгалт өгүүлэх шийдвэр гарсны дараа Боловсролын сайдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан жагсаал болжээ. Шалгалтын материалууд мессеж илгээх аппликейшнүүдээр задарсан болох нь тогтоогдсон тул элсэлтийн шалгалтын дүнг хүчингүй болгосон байна. Эсэргүүцлийн жагсаал цуглааныг сэтгэл дундуур байгаа залуу сонгогчдыг эгнээндээ нэгтгэж, хүчээ авч буй улс төрийн хөдөлгөөн болох "Жоом Жанта нам" (Cockroach Janta Party) зохион байгуулжээ.
Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших Колумби улсад ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ удаагийн сонгуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг авсан, консерватив үзэлтэй нэр дэвшигч Абелардо де ла Эсприелла зүүний үзэлт сенатч Иван Сепедаг 1 хүрэхгүй хувийн саналаар ялснаар Густаво Петрогийн засаглалын дараа Колумби улс эргээд барууны чиглэл рүү шилжлээ. Өмнөх Ерөнхийлөгч Г.Петрогийн үед АНУ-тай тогтоосон харилцаа түүхэндээ байгаагүй хамгийн доод түвшинд хүрч муудаж байсан бөгөөд Д.Трамп нэгэнтээ түүнийг "өвчтэй хүн" хэмээн мэдэгдэж байсан юм. Шинэ Ерөнхийлөгч А.Эсприелла улс оронд нь гэмт хэрэг гаарч, амьжиргааны өртөг өндөр байгааг эсэргүүцсэн сонгогчдын уур бухимдал дээр дөрөөлөн, Өмнөд Америкийн бусад оронд мөн хүчээ авч байгаа барууны үзэл баримтлалын шинэ давлагааг ийнхүү амжилттай ашиглаж чадлаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Венесуэлд дараалан хоёр удаа хүчтэй газар хөдөлсний улмаас 920 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн голомт нийслэл Каракас хотоос баруун зүгт 200 км-ийн зайд орших Сан-Фелипе хотын орчимд байсан боловч газар хөдлөлтийн чичиргээгээр нийслэл хотын барилга байгууламжууд нурж, нийтийн тээврийн сүлжээ бүрэн зогссон байна. АНУ-ын засаг захиргаанаас тус улс руу эрэн хайх, аврах багаа илгээж, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Байгалийн гамшиг үндэсний баярын өдрөөр тохиосон тул иргэдийн ихэнх нь ажил дээрээ биш, гэртээ байжээ. Нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгааг албаныхан анхааруулж байна.
Баруун Европын ихэнх хэсгээр хэт халалт үргэлжилж, температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдлээ. Францын Бордо хотоос урагш орших Писсос сууринд 44.3 хэм хүрч халсан нь тус улсад цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойш буюу 1947 оноос хойших хамгийн халуун өдөр болжээ. Хэт халуунаас сэрүүцэхээр гол, нуур руу явсан иргэдээс 48 хүн живж амиа алдсан харамсалтай явдал Францад гарсан байна. Сүүлийн өдрүүдийн аагим халуун Европт орон сууц, албан байгууллагуудад агааржуулагч нэмж суурилуулах тухай олон жил үргэлжилсэн маргааныг дахин өрнүүлэхэд хүргэжээ.
Зургаадугаар сарын 12-нд хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаснаас (IPO) хойш өсөөд байсан “SpaceX” компанийн хувьцааны ханш эргэн буурлаа. Тус компанийн хувьцаа анх зах зээлд гарахдаа 135 ам.доллароор үнэлэгдэж байсан бөгөөд дараагийн өдрүүдэд нь 200 ам.доллар давж өссөн боловч энэ долоо хоногийн дундуур 155 ам.доллар орчимд арилжаалагдлаа. Үүний улмаас “SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээ ердөө ганцхан өдрийн дотор 400 тэрбум ам.доллароор буурсан нь түүхэн дэх компаниудын хүлээсэн хоёр дахь том алдагдал болов. Үүнээс өмнө 2025 оны нэгдүгээр сарын 27-нд “Nvidia” компани 600 тэрбум орчим ам.долларын үнэлгээгээ алдаж байжээ.- Зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 4 хүртэл Хойд Европын хамгийн том хөгжмийн наадам болох Roskilde Данид үргэлжилж, долоо хоногийн дундуур гол одод нь тайзнаа гарна.
- Зургаадугаар сарын 29-нд Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Уимлдоны нээлттэй тэмцээн эхэлнэ.
- Зургаадугаар сарын 29-нд Халуун орны бүсийн олон улсын өдөр тохионо. Энэ өдөр дэлхийн биолиогийн олон янз байдлын 80 орчим хувь нь хадгалагддаг халуун орны бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулна.
- Зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 2-ны хооронд Ази-Номхон далайн бүсийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн, бизнес уулзалт Сингапурт болно.
- Долоодугаар сарын 2-нд Алжирт парламентын сонгууль болно.
- Долоодугаар сарын 4-нд АНУ тусгаар тогтносны 250 жилийн ойг тэмдэглэнэ.
- Зургаадугаар сарын 28-нд Өмнөд Африк ба Канад
- Зургаадугаар сарын 29-нд Бразил ба Япон
- Зургаадугаар сарын 30-нд Нидерланд ба Марокко
- Долоодугаар сарын 2-нд АНУ ба Босни ба Херцеговина