ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

оруулсан Алсын Хараа

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны сүүлчийн буюу гуравдугаар тойргийн тоглолтод Нидерландын шигшээ баг Тунисын багийг 3:1 харьцаагаар хожлоо.

АНУ-ын Миссури муж улсын Канзас-Сити хотод болсон тоглолтын 3 дахь минутад Тунисын шигшээ багийн тоглогч Эльес Скири өөрийн хаалганд гоол оруулсан бол Нидерландын довтлогч Брайан Бробби 7 дахь минутад, Ян Паул ван Хекке 62 дахь минутад гоолдож, багийнхаа хожлыг баталгаажуулжээ. Харин Тунисын багаас Махачкалагийн "Динамо" клубт тоглодог хагас хамгаалагч Хазем Мастури цорын ганц гоолыг оруулсан байна.

"F" хэсгийн өөр тоглолтод Швед, Японы шигшээ багууд АНУ-ын Техас муж улсын Арлингтон хотноо өрсөлдөж, 1:1 харьцаагаар тэнцжээ. Ингэснээр Нидерландын баг 7 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн байна. Удаах байруудад Япон (5 оноо), Швед (4 оноо) шалгарсан бол Тунисын баг (0 оноо) хэсгийн сүүл мушгилаа.

Ийнхүү Нидерланд, Япон, Шведийн шигшээ багууд тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. 1/16 шигшээд Нидерландын баг Мароккогийн шигшээтэй зургаадугаар сарын 30-нд Мексикийн Монтеррей хотноо тоглоно. Харин Японы баг зургаадугаар сарын 29-нд АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод Бразилын хүчтэй багтай өрсөлдөнө. Шведийн шигшээ багийн өрсөлдөгч одоогоор тодроогүй байна.

Сэтгэгдэл бичих