АН-ынхан маань нэг л сүр сүлд муутай байх шиг. Улс төрийн алиа салбадай нарын аманд багтаад байх болж. Уул нь: УИХ-д 42 суудалтай бүлэг бол агуу сөрөг хүчин байх ёстой. Хоёр сар гаруйн өмнө УИХ-ын дарга нам бус байх ёстой гээд МАН-ын дарга Н.Учралыг ажлаас нь буулгасан. Энэхүү шаардлага Н.Учралд бол ашигтай туссан. Ерөнхий сайд болсон. Гол юм нь: Н.Учралын дараа УИХ-ын дарга болсон С.Бямбацогт: Намаасаа татгалзах болно гээд мөргөж сөгдөх нь холгүй ам өгч байж саналын дэмжлэг авч байв. Одоо тэрийгээ мартчихсан явна. Хэрүүл маргаан гарвал намынхаа бүлгийн хуралд орж суух зэргээр АН-ын шаардлагыг үл хэрэгсэж байгаагаа үйлдлээрээ харуулан тавлаж байна. Энийг сөхөж шийдүүлэх ёстой гэдгийг АН-ынхан өөр зууртаа яриад эхэлж. Басхүү: Саяны нэг дэхэд АН-ын бүлэг хүний амийг хамгаалж чадалгүй хариуцлага алдсан Батлан хамгаалахын сайдаа хамгаалсаар буй Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг цуглуулаад эхэлсэн. МАН-ын цөөнх, ИЗНН зэрэг намын гишүүд энэ дээр бол зурна. АН-ын дарга О.Цогтгэрэл ч: Гарын үсгийг 64 гишүүн хүргэхийн төлөө ажиллана гэж. Ийнхүү бужигнаад эхлүүт МАН-д дараагийн Ерөнхий сайдын нэр ус ил яригдаж, тэрэн рүүгээ налаад эхлэх жишээтэй. Хүний л араншин. Нэгэнтээ эхэлсэн гарын үсэгтэй гишүүний бланк гэдэг бол эрх зүйн чадамжтай баримт бичиг. Эрт орой хэзээ нэг цагт УИХ руу орох боллоо гэж болно. Ерөнхий сайд Н.Учралыг ийнхүү нуман тулгуурт ороод ядаж байхад нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нь тэрүүгээр бужигнуулаад гай болох шинжтэй. Ерөнхий сайдтай хариуцлага тооцох ажлыг албан ёсоор эхлүүлсэн АН-ын дарга О.Цогтгэрэл: Нүүрсний оффтейк гэрээний сонсгол яагаад нам таг болов гээд сураглаж. Тэрээр: Н.Номтойбаяр сонсгол хийнэ гээд гарын үсэг цуглуулж явснаа зогслоо, Д.Ганбатад хариуцуултал бас л явсангүй, энэ ер нь яасан сүрхий лобби вэ гээд бүлгийнхээ гишүүдийг дуудаж энэ дээр санал солилцож. О.Цогтгэрэл бүлгийнхэндээ: Нүүрсний оффтейк гэрээний сонсголыг ер нь би авъя, удирдъя гээд ярьж. Гэтэл нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр энийг сонсчихож. Тэрээр уржигдар О.Цогтгэрэлийн өрөөнд орж: Нүүрсний оффтейк гэрээний сонсголыг хийж болохгүй гэх шаардлага тавьж, нэг ёсондоо дарамт маягийн юм үзүүлж. Тэрийг нь О.Цогтгэрэл эсэргүүцэж. Тэр хоёр би, чи-дээ тултал хэрэлдээд Б.Энхбаяр гарч явж. Тэндээс Байнгын хороо руу давхиж ороод: Нүүрсчид амь тэмцсэн. 20 сая ам.долларын асуудал, байр сав дээрэмдсэн, Бортээгийг хулгайлсан нь нотлох баримтаар ил тод болсон. Амь тавьсан, орох байх газаргүй болсон. Хууль зүйн сайдыг ямар ч хамаагүй гүтгэлгээр зайлуулах операци хийсэн. Энэ операцид О.Цогтгэрэл дарга хамжигч болсон. Нүүрсний хулгайч нар Хууль зүйн салбарыг эзэгнэх, хэргээ далдлах гэсэн оролдлогод тус болсон гэж ярьж. АН-ын дарга О.Цогтгэрэл хоёр сар гаруйн өмнө Хууль зүйн сайд байсан Б.Энхбаярыг шүүмжилж ажлаа өгөхийг шаардсан нь үнэн. Тэрээр: Мафийн нэг хэсэг болсон шударга ёсны сайд Б.Энхбаяр маш яаралтай ажлаа өгч, шалгуул гэсэн. Тэр чинь: Б.Энхбаяр 1.3 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гээд нийгмээрээ шуугьж байсан үе. Авлигын хэрэгт хардагдсан Хууль зүйн сайдыг ажлаа өг гэх нь АН-ын даргын шаардлага мөнөөс мөн. Эсрэгээрээ: Нүүрсний оффтейк гэрээгээр сонсгол хийнэ гэсэн АН-ын даргыг: Наадахаа боль гэж ЗГХЭГ-ын дарга дарамталсан нь харин сонин. Хамаг юмны учир нь: Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн үйл ажиллагаа идэвхжин эхэлж, Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнээд эхэлж байхад ЗГХЭГ-ын дарга нь тэнд тэс өөр юм яриад, гал дээр тос асгаад явж байгаа нь хачин. Сөрөг хүчнийг ийнхүү дарамталж аархах нь сөргөөр л тусна. Тиймийн учраас: Нүүрсний оффтейк гэрээний сонсгол явахгүй байх нь Б.Энхбаярт Засгийн газар нь унана уу яана, Н.Учрал огцорно уу яана уу хамаагүй гэж ой тойнд буугаад байна. Шулуухандаа: Б.Энхбаярын ярьдаг мэдээллүүд нотлогдох нь бага, тэр нь нийгэмд, ард нийтэд буруугаар тусаж Г.Занданшатарыг сулруулахад тус нэмэр болсон гэдэг. Одоо энэ…
Ө.БИЛЭГ