БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён тус улсын дараагийн Ерөнхий сайдаар Жижиг, дунд үйлдвэрийн хэрэг эрхлэх сайд Хан Сон Сүгийг нэр дэвшүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын өндөр албан тушаалтан ням гарагт мэдэгджээ.
Хэрэв Үндэсний Ассамблей уг шийдвэрийг баталбал Хан Сон Сүг нь Ли Жэ Мёнийн Засгийн газрын анхны эмэгтэй Ерөнхий сайд, 2006-2007 онд уг албыг хашиж байсан Хан Мён Сүгээс хойш тодорч буй Өмнөд Солонгосын хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болно.
Ли Жэ Мёний Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар ажилласан Ким Мин Сог албан тушаалаасаа бууж байгаа бөгөөд тэрбээр ирэх 8 эсвэл 9 дүгээр сард болох эрх баригч Ардчилсан намын их хурлаар намын даргын сонгуульд өрсөлдөхөөр ийнхүү огцорч байгаа ажээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хун Сиг Хан Сон Сүгийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай шийдвэрийг танилцуулахдаа, түүнийг хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан “хиймэл оюуны эрин үеийн шилжилтийг өөгүй төгс хэрэгжүүлж, бүх нийтийн төлөөх Өмнөд Солонгосын хөгжил дэвшлийг манлайлан чиглүүлэх” чадвартай нэгэн хэмээн тодорхойлсон байна.