Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

оруулсан Алсын Хараа

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГССҮТ-ийн эмч П.Батнаран “Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор амралт зугаалга цаг болж байна. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн тоо нэмэгддэг.  Сүүлийн үед цахилгаан дугуй, скүүтер, мопедоос шалтгаалсан осол гэмтэл эрс нэмэгдлээ. Өнгөрсөн жил гарсан ослын тоо 2024 оныхтой харьцуулахад зургаа дахин өссөн. Манай эмнэлгийн хоёр салбарт хоногт 200 гаруй хүүхэд осолд өртөж, гэмтэл авсны улмаас хандаж байна. Эмч нар маань ачаалалтай ажиллаж байгаа. 2026 оны эхний таван сарын байдлаар 5 хүртэлх насны 1400 орчим хүүхэд түлэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа. Тэгэхээр бага насны хүүхдээ гэртээ үлдээхдээ аль болох хараа хяналттай байлгах шаардлагатай. Үүнээс гадна хүүхэд вакцин хийлгээгүй муурт гараа маажуулж, нас барсан тохиолдол гарсан. Тиймээс муур, нохойнд хазуулсан, самардуулсан бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Эзэнтэй амьтан бол вакцин хийлгэсэн эсэхийг нэн түрүүнд асуугаарай” гэв.

2026 оны эхний таван сарын байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй 754 осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн байна. Осолд өртсөн иргэдийн 61.4 хувь нь эрэгтэй, 38.6 хувь нь эмэгтэй байгаа юм. Харин явган зорчигч тухайн тээврийн хэрэгслүүдэд мөргүүлсэн тохиолдолд эмэгтэйчүүд, бусад үед эрэгтэйчүүд гэмтэх нь түгээмэл ажээ. Нийт тохиолдлын 54.9 хувь буюу 414-ийг 20-иос дээш насныхан эзэлж байгаа бол 32.6 хувь нь 15-19, 12.5 хувь нь 14 хүртэлх насныхан эзэлж байна.

Сэтгэгдэл бичих