Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг сайжруулна

оруулсан Алсын Хараа

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг сайжруулах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдрийн ээлжит хуралдаанаар баталлаа.

Ингэснээр “е-business"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлж, төрөөс хуулийн этгээдтэй харилцах үйлчилгээг нэг сувгаар үзүүлж, үйлчилгээг цахим болгох ажил улам эрчимжих юм. Мөн төрийн байгууллагууд өөрсдөө салангид систем хөгжүүлэхгүй, нэгдсэн байдлаар үйлчилгээ үзүүлэх, хуулийн этгээд байгуулах хүсэлтийг цахимаар шийдэх нөхцөл бүрдэхийг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.

Төрөөс хуулийн этгээдэд үйлчилж буй "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр дамжуулан цахимаар үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас томилогддог, төрийн байгууллагын удирдлагуудад Засгийн газраас зөвлөлөө.

Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор “е- business”-ийг 2023 онд нэвтрүүлэн, төрийн 832 үйлчилгээг оруулснаас хойш бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ.

Хуульд заасан 371 зөвшөөрлийн 276 нь цахим болсон ч “e-business"-д холбогдоогүй байгаа. Сар бүр шинээр байгуулагдаж буй, хуулийн 1540 орчим этгээдийн 27.2 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа тул байршлаас үл хамааран үйлчилгээг тэгш хүртээх хэрэгцээ нэмэгдэж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих