Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрчээ.
Тавдугаар сараас ган татлагыг татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг өнөөдөр холбож байгаа бөгөөд энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх ажээ. Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийх аж. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр. Уг төслийг Францын “Пома” групп болон “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компани хийж байгаа юм.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйцэх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой юм.