Монголыг Төв Азийнхан хаадын нутаг гэж хэлдэг гэж Ерөнхийлөгч соёл урлагийнхантай уулзахдаа хуучилж. Түүхэн талаасаа тийм. Агуу түүх бий бидэнд. Гэтэл нь: Эдүгээ цагт тэр дахин давтагдаж магадгүй болж. Хуульдаа: Зөвхөн нэг удаа зургаан жилээр томилно гэсэн бүрэн эрхтэй дарга нар тохироо хийж хууль өөрчлөөд, эсхүл зөрчөөд өөрийгөө сунгадаг боллоо. Ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёрыг дуурайгаад Ерөнхий шүүгч, Цэцийн дарга хоёр сунгагдахаар бэлдэж байгаа тухай хаа сайгүй ярих. Нотлох мэт Цэц Ерөнхий шүүгчийн сунгагдах боломжийг хэлэлцлээ. Тэгмэгц Дээд шүүхийн хэвлэлийн албыг олон жил даасан бүсгүй: Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэсэн заалт ч Дээд шүүхийн санаачилгаар хуульд орж батлагдсан. 2020 онд Ерөнхий шүүгч болсон Д.Ганзориг ч энэ заалтыг дэмжиж байсан гэж ойлгодог. Бусад хүмүүс ч тэгж үздэг байх. Гэтэл өнөөдөр яг буух болонгуутаа үзэл бодол, итгэл үнэмшил нь өөрчлөгдөж буй нь хачин хийгээд маш эргэлзээтэй гэж интернэт хуудсанд бичжээ. Энэ зөвхөн хэвлэлийн бүсгүйн санаа бодол биш, дор хаяж Дээд шүүхийнхний үзэл бодол байх. Хэдэн асуудлаасаа гажаад хэрэлдэж байгаад тарж.
Учиг нь: Д.Ганзоригийг дахин дэвшиж магадгүй процессыг олж харсан бусад шүүгч бухимдалтай байж. Хэдий Цэц боломж олгосон ч 29-ний хурлаар Д.Ганзориг биш Ч.Хосбаяр, Ц.Цогт, Д.Мөнхтуяа, Б.Цогт нарын нэг нь ялаад гарч ирж магадгүй. Гэхдээ тэгж ялсан шүүгч болгоомжтой байх хэрэгтэй. Тэгж ялсан шүүгчийг Ерөнхийлөгч батламжлахаас өмнө балбаж мохоогоод хоёр дахь хурлаас Д.Ганзориг тодорч магадгүй л гэх. Цувсан барнаас цугласан шаазгай дээр гэж. Нийлж яриад нэгийгээ Ерөнхий шүүгчид дэмжих нь ононо. Цэцийн гишүүд ч ингэх нь зүй. Тэгэхгүй аваас: Зургаан жилээ дахин сунгасан хэн ч хаан болно. Өөрөөр: 6+6 жилээр томилно гэдэг хаан төрүүлнэ гэсэн үг…
Ө.БАТБИЛЭГ