Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Засгийн газар шинээр байгуулагдаад хоёр сар болж байна. Хэр ажиллаж байна гэж та үзэж байгаа вэ?
-"Мордохын хазгай" гэж хэлэлтэй биш. Хичээж байгаа л гэж хэлье дээ. Монгол хүн амны билгээр ч гэдэг шүү дээ.
-Мал, махны үнийн асуудал гараад, үүнээсээ болоод нийслэлийнхээ Засаг даргыг аваад хаячихлаа. Мал, махны үнэ өссөн гол шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Мал, махны үнийн өсөлт бол МАН-ын арав гаруй жил дампуурлын бодлогын эдийн засгийн уналтын нэг хэлбэр. Энэ бол зөвхөн мөсөн уулын орой.
Товчхондоо хүмүүс ажилгүй, орлогогүй болсон. Хамгийн аймшигтай нь инфляци Монгол орныг идэж байна. Үнийн хөөрөгдөлд идэгдэж байна шүү дээ. Энэ чинь цаад утгаараа эдийн засагт гаднаас олдог орлого байхгүй болсон гэсэн үг. Уул уурхайн баялгаа ухаж гаргахаас өөр юу ч хийхгүй байна. Гэхдээ энэ бол бизнес эрхлэгчдийн буруу биш. Бодлогын хувьд томоохон алхам хийгээгүйтэй холбоотой. Цаашид улам даамжирна. Тиймээс яаралтай арга хэмжээ авах ёстой.
-Ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Би дандаа шүүмжлээд байдаг биш, гарц гаргалгаа ярьдаг. Хамгийн гол авах арга хэмжээ бол эрх баригчид, Засгийн газар дотоодын бизнес эрхлэгчид, иргэддээ эр бар байдаг шигээ гадны томоохон уул уурхайн төслүүд дээр Монголын эрх ашгийг хамгаалах ёстой. Сүүлээ хавчаад, ёстой гөлөг болдог.
-Рио тинто компанитай хэлцэл хийгээд менежментийн зардлыг бууруулчихлаа шүү дээ. Энэ амжилт мөн үү?
-Би хүний хөдөлмөрийг үнэлнэ. Дандаа бурууг нь хэлээд байж болохгүй. Ний нуугүй хэлэхэд, Г.Дамдинням сайдаар ахлуулсан Ажлын хэсэг маш их хичээж, үр дүнтэй ажиллаж байгаа. Менежментийн төлбөрийн талаар олон жил ярьж, шүүмжилж байсан.
Тиймээс өнөөдөр тодорхой үр дүн гаргалаа. Өмнө нь бол ярьдаг л байсан. Дахиад Онтрэ компанитай хэлэлцээр хийх ёстой. Үүн дээр Монголын байр суурийг анх удаа хатуу хэлсэн байна лээ. Ер нь бид хатуу байр сууриа хэлж байх ёстой. Оюу толгой дээр бол бүр том комплекс өөрчлөлт оруулах хэрэгтэй. Түүнээс биш косметик засвар хийх хэрэггүй. Зээлийн асуудал ийм байна, хүүгийн асуудлыг ингэж шийднэ. Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж байхгүй байна гээд л хэлэлцээрт орох хэрэгтэй. Цаашид их зүйл хиймээр байна. Оюу толгой дээр Монголын ард түмний эрх ашгийг хамгаалмаар байна. Газрын тосны үйлдвэр дээр үнэхээр луйвардуулж байна шүү дээ.
-УИХ-аар Гадаад зээллэгийг үр ашигтай болгох тухай хуулийн төслийг дэмжсэн. Тэгэхээр Газрын тос боловруулах үйлдвэр гайгүй явчих боломжтой болох юм биш үү?
-Газрын тосны үйлдвэр дээр би ноцтой мэдээлэл өгье. Би энэ үйлдвэрийг дэмждэг. Газрын тосны үйлдвэртэй болохыг мөрөөддөг монгол хүмүүсийн нэг. Харин бидний энэ мөрөөдөл дээр одоогийн энэ үйлдвэр тоглолт хийж, мөнгө угаалт хийж байна гэдгийг хариуцлагатай хэлье. Баримтгүй, үндэслэлгүй ингэж хэлсэн бол шүүхэд очих ёстой. Даанч тэд шүүхэд өгч чадахгүй. Яагаад гэхээр би үнэн, баримттай ярьж байгаа. Би чамд таван шалтгаан хэлье. Нэгдүгээрт, энэ үйлдвэр түүхий эдийн нөөцтэй юу. Нөөц байхгүй, байгаа бол мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаа, дүгнэлтүүдээ гаргаад өгөөч. Улстөрчид ярих биш, мэргэжлийн хүмүүс ярих ёстой. Дачин тамсагтай хийсэн гэрээ байгаа юм уу. Тэндээс одоо 500 орчим сая ам.долларын хоолой татчихсан. Гэтэл түүгээр нь нэг литр ч түүхий нефть урсахгүй. Хоёрдугаарт, Дачин тамсаг нь хоёр талбай өгсөн. Тэр хоёр дээр нь олон улсын тендер зарласан ч нэг ч компани орж ирээгүй. Тийм болохоор тэр хоёр талбайгаас юу ч гарахгүй юм байна гэж би ойлгож байгаа. Гуравдугаарт, нефтийн үйлдвэр гэдэг бол усны үйлдвэр. Ус байхгүй, нэг литр бензин гаргахын тулд хоёр литр ус ашигладаг гэсэн үг байдаг.
-Тэгвэл элсэн цөлд байгаа нефтийн үйлдвэрүүд усаа яаж шийдээд байгаа хэрэг вэ?
-Тэд устай, түүнийгээ шийддэг. Өнөөдөр харин манайд ус байна уу. Усгүй технологи байгаа бол тэрийг зарлачих. Энэ бол мөнгө угаалт. Дөрөвдүгээрт, ийм олон сая ам.долларын үйлдвэр барьж байгаа бол ТЭЗҮ байх ёстой. Гэтэл тЭЗҮ нь нууцад байгаа. Тэрийг нь би 125 гишүүнд үзүүлээд буцаагаад авсан. Хулгай учраас нууцад байгаа юм. ТЭЗҮ гээд байгаа тэр зүйл дээр нь баталсан гарын үсэг байхгүй. Танилцсан гэдэг дээр гарын үсэг бол байгаа.
-Танилцсан дээр хэн гэж хүний гар үсэг байдаг юм бэ?
-Би тэрийг ярих эрхгүй. Хэлэх юм бол нөгөөдүүл чинь бөөн баяр шорондоо хийнэ. Тавдугаарт, хэдхэн хоногийн өмнө Гүйцэтгэх захирал нь хэвлэл мэдээллээр ярьсан. Ингэхдээ Энэтхэгээс 480 сая ам.доллар орж ирсэн юм шиг байна лээ. Хаашаа орсныг нь би мэдэхгүй гэсэн утгатай зүйлийг ярьсан. Энэ мөнгө тэгвэл хаачсан бэ. Эдийн засаг хөгжлийн яаман дээр байна уу, эсвэл зориулалтын бусаар зарцуулчихсан уу. Энэ бүхнээ тодорхой болгож өгөх хэрэгтэй. Би энэ бүхнийг тус үйлдвэрийг зогсоох гээд яриад байгаа юм биш. Тэртэй тэргүй дампуурчих гээд байгаа үйлдвэрийг засаж залруулаад, бензинтэй болох гээд яриад байна. Эд нар дотоодынхоо эх үүсвэрүүдээс 1.2 их наяд төгрөгийг аваад үрчихсэн. Нийтдээ 66 их наяд төгрөг гэж орж ирж байгаа. Энэ мөнгийг хүүтэй нь Монголын ард түмэн төлнө. Үүнийг өнөөдөр яагаад чуулганаар ярихгүй байгаа юм.
-Салбарын сайд нь хуулиа батлуулчихвал 2028 ондоо багтаад ашиглалтад оруулчихна гэсэн шүү дээ?
-Миний ярилцлага танай дээр гарчихна байх. Тэгэхээр 2028 онд аль нь үнэн хэлж байж вэ гэдгийг зэрэгцүүлээд л харцгаая. Харамсалтай нь Оюу толгой дээр хэлээд байхад муу амласан хүн гэж балбаад гэрээгээ хийсэн. Дараа нь одоо Оюу толгой дээр сүйрчихлээ гээд уйлаад байхаас өөр ажилгүй болцгоолоо. Үүнтэй адилхан л зүйл болно.
-Парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орчихлоо. Энэ хугацаанд ард түмний амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийг сайжруулах хууль баталж чадав уу?
-Манай улс төр сайд болж үзэхийг хүссэн хэдэн хүмүүсийн цуглуулга болж хувирчихаад байгаад харамсаж байна. Би уг нь төрийн өмчит компаниуд, Эрдэнэт, хэдэн сайд нарыг шалгаад өгөөч гээд хэлсэн чинь АТГ чинь андуураад хэзээ ч төрийн өмчит компани удирдаагүй, сайд хийж үзээгүй намайг баахан шалгасан. Өнөөдөр ард түмэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр л хэрэгтэй. Улсын гурван талт хэлэлцээрийг өнөөдөр гурилддаг болчихсон байна. Засгийн газар, УИХ ширээний ард бизнес эрхлэгчид, ахмадууд, хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлийн байгууллагуудтай уулзалт хийх ёстой. Гэтэл одоо чинь рекламны уулзалт их хийж байна. Уг нь хууль дээр байгаа улсын гурван талт хэлэлцээрийг л ном журмаар нь хийх ёстой юм. Ингэж байж улс оронд ажлын байр бий болдог. Хэлэлцээрээ хийчихээд түүнийгээ хоёр жил хатуу барих хэрэгтэй. Үүнийг улс орны хөгжил гэдэг.
-Ноднин намар хоёулаа ярилцаж байхад таныг АТГ шалгаад, энэ бүхнийг Ерөнхийлөгчийн зүгээс хийж байна гэж та хэлж байсан. Энэ асуудал тань ер нь юу болсон бэ?
-Би бол энэ асуудал дуусчихсан гэж бодож байна. Яагаад гэхээр би төрийн өмчит компани удирдсангүй, сайд хийсэнгүй. Нийт 20, 30 компаниар мөнгө угаасан гээд байгаа юм. Зүгээр аравхан мянган төгрөг угаасан зүйл байвал гаргаад ирээч ээ. Тэр чинь дансаар гүйлгээ энэ тэр хийсэн байх ёстой биз дээ. Манай гэрт камер тавьчихсан байх гэж би боддог. Тэгээд би 10 мянган төгрөг халаасандаа мартаад угаалгын машинд угаачихсаныг эд нар андуурсан юм болов уу гэж гайхаад байгаа юм.
Т.ДАРХАН
"Өдрийн сонин"
/2026.05.25/