Өмнө нь: Улс орны хөгжил тэр улсынхаа улс төрийн тогтвортой байдал, төрийн залгамж чанар хоёроос шууд хамааралтай. Энэ хоёр нэр томьёог бид нар маанийн зургаан үсэг шиг сонсож, цээжилсэн. Улстөрчид байнга ярьсаар тархинд тогтоосон. Гэвчиг тэд нарын олонх нь энийгээ хэрэгжүүлдэггүй. Тиймийн учраас Монгол Улс хөгжил ярих боломжгүй, хөл гараа жийлцсэн тамын тогоондоо оршиж буй. Энэний ээлжит сонгодог жишээг Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал үзүүллээ.
Х.НЯМБААТАРЫГ ГЭНЭТ ЧӨЛӨӨЛСӨН НЬ МАН-Д ДАХИН ХАГАРАЛ ҮҮСГЭВ
Уул нь улс төрийн урьдаас төлөвлөсөн хар нүүдлүүд баасан гарагт болдог номтой. Тэгсэн нь Н.Учрал өнгөрөгч бямба гарагт: Х.Нямбаатарыг чөлөөллөө гэж мэдэгдэл хийлээ. Шалтаг нь нөөцийн мах. Логик арай л муутай. Алдаа. Шулуухандаа: Туулын хурдны замаас боллоо гэсэн бол дээр байсан юм. Нөөцийн махаар шалтаглахдаа: Өөрөө бараг очиж үзээгүй "Хүчит шонхор" дээр очсон нь бас алдаа. Хүчит шонхорынхон, нөөцийн махныхан хоёр үндсэндээ өрсөлдөгчид. Зөвлөхүүд нь бас махны мэдлэг муу байна л даа.
Ийнхүү хаа хамаагүй нөөцийн махаар Х.Нямбаатарыг Хотын даргаас чөлөөлнө гэчихсэн. Нэмээд: АТГ, ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг дуудаад: Х.Нямбаатарыг маш нарийн, нэгбүрчлэн шалга гэж тушаал өгч харагдав. Энүүгээр: Энэ зүгээр Н.Учралын улс орноо бодсон чөлөөлөлт биш, улс төрийн өрсөлдөгчөө зайлуулж байгаа операци гэдэг нь ойлгогдов.
Дамжаад тэр Хотын МАН-ын даргынх нь ажлыг хураана. Хурал зарлахаар төлөвлөсөн дуулдсан. Уулаасаа: МАН-ын 50-иас дээш хувийг атгадаг Хотын МАН-ыг атгахгүй болохоор Н.Учрал ч, Дарга ч намаа барьж чадахгүй байгаа. Тийм болохлоор Х.Нямбаатараас 27 оны сонгууль бужигнахаас өмнө Хотын МАН-ыг авч буй нь энэ. Харамсалтай нь энийг хийхдээ монголчуудын гол хүнс дээр бодлогын алдаа хийчихлээ. Хажуугаар нь МАН-ын дарга Н.Учрал намаа дахиад хагалчихлаа. Хотын МАН-ыг ялалтад хүргэсэн Х.Нямбаатар багтайгаа л байж таараа. Баг нь энийг эсэргүүцэж л таараа. Хотын МАН-ын багаас нь гадна МАН-ын хэмжээнд Х.Нямбаатарт талтай гишүүд нь дийлдэг. Тэр бүү хэл: Энэ Х.Нямбаатар их хачин. Түүнийг дэмждэг хүмүүсийн нэлээн хувь нь нам бус болон АН-ынхан байдаг юм билээ. Гол нь: Н.Учрал ингэснээр МАН-ын хагарал дахичихлаа. Өмнөх хагарал нь: Ноднингийн зургадугаар сард Хамтарсан Засгийн газрыг тараасан, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулснаас эхлэлтэй. УИХ дахь бүлгээсээ эхлээд Тусгаар тогтнолын ордон, тэрнээсээ гараад гудамж талбайд ч хагарч хуваагдсан байдалтай. Л.Оюун-Эрдэнийн дараа МАН-ыг хумьж, нэг малгай дор хураах бяртай толгой олдоогүй. Спикер асан, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгосон нь алдаа болж хувирсан. Монгол Улсын эдийн засгийн эргэлтийг бүх талаар нь хааж боогоод орхисон. МАН-аа ч самарч хаяад явсан. Нэгэнтээ МАН-даа халтай учир намын дарга болж чадсангүй. Г.Занданшатарыг Ерөнхий сайд байхад намын даргаар Н.Учралыг тавьсан. Г.Занданшатар нэгэнтээ УИХ-ын гишүүн биш, намын дарга биш, нэг ёсондоо улс төрийн дархлаагүй тул Ерөнхий сайдаар удсангүй. Гэвчиг тэр Ерөнхий сайдаар удаагүй нь МАН-ын хагарал улам ангайснаас болсон. Тиймийн учраас намын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгосон. Н.Учрал өөрөө ч спикерээс түлхүүлэн бууж Ерөнхий сайд болох ажилд гар бие оролцсон. Гээд Ерөнхий сайдын хувиар эдийн засгийг өөд татаж бардаггүй. Алхам бүрдээ Г.Занданшатарын сэндийчиж орхисон эдийн засгийн хүндрэлүүдтэй тулах болсон. Н.Учрал Ерөнхий сайд болоод мега төслүүдийг зогсоож, эдийн засгийг эвхсээр байсан ч МАН-ынхан нь дуугүй л байсан. Засгийн газраа хоёр талаас бүрдүүлж намынхаа эв нэгдлийг хангалаа гэж МАН-ынхан хараад байж. Гэтэл нь: Нэг л бямба гарагт Хүчит шонхор зах дээрээс намаа хагалах мэдэгдэл хийчих нь тэр. Х.Нямбаатарыг "Хүчит шонхор" дээрээс, тэгээд нөөцийн махаар чөлөөлнө гэж хэний санаанд буух вэ дээ. Юмхнаар юм хийчихдэг овоо л овсгоо аж.
ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭЭД БАЙГАА Н.УЧРАЛД ӨӨРТ НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ
Н.Учрал бол өөрт олдсон үүлэн чөлөөг гайхам ашигласан. МАН-ын гурван ялалтын эхний цикль 10 жилийн өмнө тохиосон. Тэгэхэд Н.Учрал УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, бас нэмээд өөртөө байгуулсан Монголын залуу багш нарын холбооныхоо ерөнхийлөгчөөр ажилладаг залуу байв. Тэгээд 16 онд УИХ-ын гишүүн болж байж. 18 онд ЖДҮ-д холбогдсон. Тэр: Би биш, аав авсан зээл гээд өөрийгөө тойруулсан. 19 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч болсон. 20 онд дахиж нэр дэвшээд хоёр дахиа гишүүн болсон. 22 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Цахимын сайд, 24 оны сонгуулийн дараа дахиад л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын дарга, 25 онд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас буулгалцаад Г.Занданшатарын Засгийн газрын Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, 22-26 он хүртэл Цахимын сайдаас Ерөнхий сайд, дунд нь МАН-ын дарга болсон, УИХ-ын дарга хийгээд үзсэн. Түүхэн дэх CV-гээ бол биччихсэн. Гэм нь: Н.Учрал юу бүтээв гэхлээр хэцүү, хомс.
Эсрэгээрээ: Эдүгээ Н.Учрал өөр гарагаас ирсэн мэт аашлах нь туйлын зохимжгүй. Түүний шүүмжлээд, буруутгаад байгаа бүх юм өөрийнх нь хийсэн, гар бие оролцсон ажил. Тиймийн учраас: Н.Учрал өөртэйгөө тэмцээд, өөрийгөө үгүйсгээд байгаа гэсэн үг. Тэгэхлээр өөрт нь хариуцлага хүлээлгэх ёстой.
УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ Н.УЧРАЛЫГ УНАГАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
Н.Учрал АН-ынхны: УИХ-ын дарга нам бус байх ёстой гэсэн шаардлага дээр дөрөөлөөд Ерөнхий сайд руу буусан. Засгийн газраа намынхаа 30:32-ын төлөөллөөс бүрдүүлээд л. Намынхан нь: Нам одоо нэг эвээ оллоо гэж харсан. Гэвчиг үгүй. Х.Нямбаатарыг Хотын даргаас чөлөөлж Хотын МАН-ын чөлөөлж авах гэсэн нь намаа дахиад хагалчихав. Энийг дагаад Н.Учралын нэр шууд уруудлаа. Ердөө л өнгөрөгч долоо хоногт тээр дор байсан АН-ын О.Цогтгэрэл шоволзоод эхлэв. Тэрээр С.Баярцогтыг генсек болгосноосоо хойш сүрд нь дарагдлаа гээд сүрхий шүүмжлүүлээд, бага зэрэг бүдгэрээд байсан юм. Гэлээ гэхдээ О.Цогтгэрэл, ер нь АН-ынхан нар үзэхээр боллоо. МАН-ын Н.Учралыг бямба гаригт намаа самарч байхад АН-ынхан ням гаригт уулзаад: Эдийн засгийн уналт, инфляцын өсөлтөөр Н.Учралыг унагахаар ярилцаж. Энэ нь: Энэ долоо хоногт АН-ын хэн нэг гишүүн бланк дээрээ гарын үсэг зуруулаад эхэлнэ гэсэн үг.
Базах нь ээ: Намаа 100 хувь авах Даргын хүсэл, 27 онд Ерөнхийлөгчид үзэх намынхныхаа сонирхол хоёрын хүч хавсарсан шахаагаар хийсэн улс төрөө Н.Учрал даахааргүй боллоо. Х.Нямбаатарын ардаас удалгүй явах нь ээ. Уул нь: Н.Учрал жаахан л ухаан гаргаад улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, төрийн залгамж чанарыг хэрэгжүүлсэн бол өөрийн өвтэй Ерөнхий сайд болж түүхнээ үлдэх байлаа…
Ө.БАТБИЛЭГ
"Өдрийн сонин"
/2026.05.19/