АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump БНХАУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Бээжин хотноо БНХАУ-ын дарга Xi Jinping-тэй албан ёсны уулзалтаа эхлүүллээ. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар хэрэгжиж буй энэхүү айлчлал тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд Хятадад хийж буй сүүлийн есөн жилийн хамгийн өндөр түвшний айлчлал болж байна. Мөн энэ нь Д.Трампын 2017 оны арваннэгдүгээр сараас хойш БНХАУ-д хийж буй хоёр дахь айлчлал юм.
Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцаа, дэлхийн эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдал болон энх тайвантай холбоотой томоохон асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцож байна.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар уулзалтын үеэр худалдааны тариф, хиймэл оюун ухаан, чипний экспорт, Тайванийн асуудал, Ирантай холбоотой нөхцөл байдал зэрэг дэлхий нийтийн анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байгаа аж.
Д.Трампыг “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Elon Musk, “Nvidia” компанийн ерөнхий захирал Jensen Huang тэргүүтэй бизнес, технологийн салбарын томоохон төлөөлөгчид дагалдан иржээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн байрлаж буй “Four Seasons” болон “Kempinski” зочид буудлуудын орчимд хамгаалалтыг өндөржүүлж, Бээжин хотын төв хэсэгт цагдаа болон тусгай хүчнийхэн нэмэгдсэн хамгаалалттай ажиллаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн уулзалт нь АНУ-Хятадын харилцааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал уулзалт болох төлөвтэй байна.