Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл чуулганаар дэмжигдсэнгүй уналаа. Уг хуулиар газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэн-гийн УЦС, Сэлбэ дэд хотхон зэргийн санхүүжилтийг шийдэх байв. Энэ хууль батлагдахгүй бол газрын тосны үйлдвэр арван жилийн дараа ашиглалтад орно гэж дарга бүсгүй нь халаглаж байна лээ. Тэр үед газрын тосоор ажилладаг машин механизм ч гэж байхгүй болох байлгүй дээ. Яг л манай монголчуудын ажил ч мөн дөө гэж харагдаж байгаа биз. Бид дөртэй шар шиг оросуудад хөтлөгдөж байгаа үед ийм ажил болох нь ойлгомжтой л доо. Нөгөө нефтийн үйлдвэрийнхэн ч гэж бас хэцүү хүмүүс. Үйлдвэрээ барилгүй дарга суух оффис, орох байраа эхний мөнгөөрөө барьчихсан байж байдаг. Уул нь энэ үйлдвэрийг барья гэсэн хүмүүс бол байшингүйгээр шууд үйлдвэрээ босгож эхлэх байлаа. Дараа нь хэдэн сэндвичээр үйлдвэрээ бүтээгээд л болох байв. Монголчууд бид хоосон нойтон юмнууд байж их зан гаргаж байр контор барьж тансаглаж байдаг бол тэнэг зан.За энэ ч яахав, ёстой нөгөө хуучин уран зохиолд гардаг “тэмбэржүржиг” гэгч нь болоод дуусах биз. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зогсож болзошгүй болсон нь харуусаад барамгүй ажил болж байх шиг. Баруун таван аймгийг цахилгаанаар хангах ёстой энэ бүтээн байгуулалт бас яагаад зогсох болов гэдэг асуулт байна. Баруун таван аймаг орос улсаас цахилгаанаар хангагддаг, импортын цахилгааны төлбөрт жилд 197.0 сая ам.доллар төлдөг. Хятадаас авсан цахилгааны үнэ ч бас үүнд ордог л доо. Энэ их мөнгө дээрээс нь цахилгааны хүчдэл унахад усан цахилгаан станц л аминд ордог гээд стратегийн онц чухал ач холбогдолтой уг төслийг зогсоож магадгүй болоод байна. Хамгийн егөөтэй нь юу гээч. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын эсрэг Эрчим хүчний сайд Б.Найдалаа нь санал өгчээ. Ийм хүнд эрчим хүчийг найдан хариуцуулж, өвөл цахилгаан таслахгүй авч гарах байх гэх зэргээр маяглах нь арай дэндүү гэнэн үү, Ерөнхий сайд аа. Сайд нарыг та өөрөө мэдэж тавьдаг, тэдний ажлын хариуцлага зуун хувь тань дээр байдаг шүү. Хуулиараа ийм болсон. Ийм чухал хууль орж ирж байхад Б.Найдалаа сайд хаяж гарч гүйх нь бүү хэл гишүүдийг дэмжих санал өгүүлэх гээд лобби хийгээд явж байх ёстой биш үү. Эрхбиш эсрэг дараагүй чуулганаа хаячхаад гараад явчихсан байсан биз гэж горьдож байна. Хэрэв өөрөө сууж байгаад эсрэг санал өгсөн бол одоо хурдан сайдын ажлаа авсан нь онох байх шүү.
Ө.Тулга