Монголчууд ажил хийхийг гэмт хэрэг гэж үзтэлээ мунхарчээ

оруулсан Алсын Хараа

Монголчууд сүүлийн арван жилд ажил хийхийг гэмт хэрэг гэж үзтэлээ мунхарчээ. Уул нь арай гайгүй байх шиг байсан даа. Хүн болгон аж ахуй байгуулаад л хаана ч хувиараа эрхлэх аж ахуй бий болгоод л, наймаа худалдаа өргөжөөд л бужигнаж байдаг ард түмэн сэн. Тэгвэл МАН-ын засгийн эрхэнд гарсан арваад жил ажил хийх, бүтээн байгуулах нь, бас баян тарган байх нь гэмт хэрэг гэж үзэгдэх болжээ. Жирийн иргэдийг ингэж дарамтлаад удсан, тэд нь ч үүнд нь дасаад юм хийж бүтээе гэж бодохоо больсон. Татварын давхар давхар дарамтад нь тэсдэг байгууллага, хүн ч гэж байхаа больсон доо. Хүн ажиллуулсны шийтгэл болох НДШ төлсөөр залхсан. Тэр байгууллагын төлсөн НДШ тэтгэвэрт нь бодогдохгүй байдаг гэдгийг саяхан мэдсэнээс хойш бүүр ч урам нь хугарсан. Ажил хийсэн хүн гэмт хэрэгтэн мэт үзэгдэж ад үзэгддэгийн нэг жишээ нь өчигдрийн нийгмээрээ жигшин шуугьсан “Туулын хурдны зам зогсоогүй байжээ” гэсэн мэдээ байлаа. 11-11 төвд шударга иргэд үүнийг мэдээлжээ.

Тэр тухай албан мэдээнд “Үүнийг зогсоохоор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг төслийн талбайд ажиллаж, Засгийн газрын холбогдох шийдвэрийн биелэлтэд хяналт тавьсан байна” гэжээ. Нөгөө П.Батбаатар нь тавиа биз, нийгмийн сүлжээгээр дүүрэн Туулын замыг барьж байгаа хүмүүсийг загнаж зандарч байгаа бичлэг байна. Тэд цемент цутгасныг яг л төмөр замын долоон тэрбум төгрөг хулгайлсныг барьж байгаа мэт ширүүн илрүүлж байгаагаа харуулж байна. Бас гагнуур хийснийг, мөн цементийн миксерийг харчихаад нүүрс хулгайлаад алтан морь цутгачихсан байгааг илрүүлсэн мэт нийгмийн сүлжээгээр улайтал илчилнэ. Ажлын талбар дээр зогсож байгаа машиныг нөгөө цахилгаан станц барих трубагаар жүчээний хашаа барьчихсан байгааг илчилсэн мэт омогтойгоор үзүүлж байгааг хараад бахархахгүй байхын арга үгүй. Тэр хяналт хийсэн даргыг магтан мандуулсан сэтгэгдэл дүүрэн байх аж. Хурал хийхийг л ажил хийсэн гэж үздэг пост коммунист намын үзэл суртал ийм л байна.

Ажил хийх бол улсын төсвийг улайтал хоосолсон тэдгээр хулгайгаас дор зүйл юм гэнэ. Хулгай бол яах вэ байдаг л зүйл, харин ажил хийх, ажил хийх гэж оролдох нь түүнээс хүнд гэмт хэрэг гэж үзэж байгаа нийгэм сайн сайхан байх уу. Хөгжил цэцэглэлт ярих хэрэг байна уу.

Ө.Тулга

"Өдрийн сонин"

/2026.05.12/

Сэтгэгдэл бичих