- 22 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН САНГИЙН ЯАМ РУУ ГАНЦ АЛБАН БИЧИГ ШИДЭЭД ЗОГСООЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭР ТОМ БАЙГААГИЙН ИЛРЭЛ. Б.БАТЦЭЦЭГ БОЛООД ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН НӨХДҮҮД Л ИНГЭЖ ЧАДНА-
Сэтгүүлч С.Будрагчааг “Нууц материалууд: паспортын дамчин” гурван цуврал нэвтрүүлэгтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамаарал бүхий баримтуудыг, үндсэндээ паспорт тойрсон онц их хэмжээний мөнгө угаалтын луйврыг хөдөлшгүй баримтаар нийгэмд ил болгосон. Түүнтэй энэхүү нэвтрүүлгийнх нь эргэн тойронд ярилцсан юм.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбоотой гадаад паспорт тойрсон луйврыг илчилж гурван цуврал гаргасан. Өөрийн тань энэ олон баримтыг нүдээр хараад ард түмэн сэртэсхийж, үнэхээр ой нь гутлаа. Анх энэ материалуудыг яаж олов?
-Б.Батцэцэг сайдтай холбоотой тендер идсэн уусан гэдэг асуудал зөндөө гардаг байсан. Гэхдээ яг цогц системтэй биш, энд тэндээс нь сэглэсэн, өвдөл цөвдөл юмнууд гардаг байсан. Өнөөдөр хүмүүс хөдөлшгүй үнэн баримтад итгэдэг болсон. Б.Батцэцэгтэй холбоотой баримтыг ил болгоё гэж анх зорьсон юм. Эрэн сурвалжилж, хайж байх явцдаа Үндэсний аудитын газрын тайланг хүнээс олж авсан. “Төрийн үнэт цаас хэвлэл” гэдэг компанитай холбоотой маш олон санхүүгийн асуудал гараад ирсэн. 2023 оны хоёрдугаар сард Засгийн газрын тогтоолоор энэ компанийг үүсгэн байгуулсныг олж мэдсэн л дээ. Цааш нь ухаад үзтэл тус компанийн 51 хувь нь төрийн буюу УБЕГ-т, 49 хувийг нь “Мигасон” гэдэг компани эзэмшсэн байхыг олж мэдсэн. Өмнө нь гадаад паспортыг хувийн компани хэвлэдэг байж. “Үүнийг өөрчилье, гадаад паспорт хэвлэх ажил бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, төр өөрөө хэвлэх нь зөв” гэх санал Гадаад харилцааны яамны зүгээс гарчээ.
Харьяаллын дагуу УБЕГ, түүний дээд байгууллага Хууль зүйн яамнаас Засгийн газарт санал өргөн баригдсан, бүх яамдууд руу санал хүргэгдсэн. Энэ үед Б.Батцэцэгийн зүгээс “Төр дангаараа хийнэ гэвэл үйлдвэр барихаас авахуулаад дарга, захирал, нарийн бичиг, ажиллах хүч гээд зардал их гарна. 49 хувийг нь бааз сууриа олчихсон хувийн хэвшлийг түшиглэх нь зүйтэй” хэмээх агуулгыг оруулсан шиг байгаа юм. Ингээд төр 51 хувийг, 49 хувийг нь өмнө нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан компанид нээлттэй сонгон шалгаруулалтаар өгөхөөр дүрмэндээ хатуу заасан. Монголд хэвлэлээр “Мөнхийн үсэг”, “Адмон”, “Соёмбо принтинг”, “Сэлэнгэ пресс” гээд болзол бүрэн хангах туршлагатай компаниуд бий. Гэтэл “Мигасон” гэх хэн ч мэдэхгүй, хэвлэлийн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж ирсэн нь тодорхойгүй компанийг шалгаруулсан.
-“Мигасон” гэх компанийн ард Б.Батцэцэг сайдын төлөөний хүн байсан. Ингэж Б.Батцэцэг Монгол Улсын ҮАБ-ын хэмжээнд авч үздэг, онц чухал объект гадаад пасторны хэвлэлийг хувийн үйлдвэр шигээ ажиллуулж эхэлсэн байдаг?
-Тийм ээ, “Мигасон” компанийн ард хэн байна гээд хайтал Найдангийн Цэрэндолгор гэж эмэгтэй гарч ирсэн. Энэ хүн Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг”-т хуульчаар, мөн хүү Соджамцынх нь “Ви Эс Эм” болон “Экопак Монгол” компанид нь ажиллаж байсан цэвэр төлөөнийх нь хүн байсан. Энэ хүн шууд орж ирээд Засгийн газрын тогтоол батлагдсан. Тогтоол батлагдахад компанийн дүрмийг хамтад нь баталсан байдаг. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн тухай хуулийг баримтална. Цаашид ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахад заавал тендерийн тухай хуульд заасны дагуу авна, мөн шилэн дансны тухай хуулийн мөрдлөг болгоно” гээд хатуусан заасан байдаг. Гэтэл 2023 онд УБЕГ-аас 20 орчим тэрбумын санхүүжилтыг аваад, орж ирсэн мөнгөөрөө тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд 20 гаруй тэрбумаар “Жордан топпен трейд” гэдэг цоо шинэ, ердөө гуравхан сарын өмнө байгуулагдсан компаниас паспортныхаа материалыг аваад эхэлсэн. Анхнаасаа Засгийн газрын тогтоол, дүрэм, Монгол Улсын хуулийг аймшиггүйгээр зөрчиж илт дээгүүр нь алхсан. 20 гаруй тэрбумын тендерийг хууль бусаар сонгон шалгаруулалтгүйгээр шууд авсан “Жордан топпен трейд”-ийн ард хэн гээч байгааг би олохгүй байсан. Гэтэл эхний нэвтрүүлэг гарсны дараа надтай олон хүн холбогдсон, мэдээлэл өгсөн, тэр чинь тийм учиртай юм шүү гэж хэлсэн. “Жордан топпен трейд”-ийн захирал гэгдээд байгаа Сувдмаагийн ангийнх нь хүүхэд холбогдсон. “Будрагчаа сэтгүүлч ээ, танд үнэнийг хэлье. Наад Сувдмаа гэдэг чинь тийм хөрөнгө мөнгөтэй хүн огт биш. Наадахыг нь 2011 онд Баянхонгороос Б.Батцэцэг авчирч “Мөнхийн үсэг”-тээ ажилд оруулж байсан. Алтай хотхонд хоёр өрөө байранд, нөхөр хүүхдүүдий хамт амьдардаг, бизнесийн ямар ч амбиц байхгүй, маш даруухан хүн байдаг. Юун 20 хэдэн тэрбумын бараа материал нийлүүлэх вэ. Санхүүгийн ямар ч чадамжгүй хүн. Үнэхээр тийм компани байгаа бол наад Сувдмаа чинь ямар ч оролцоо байхгүй. Луйварчдад нэрээ л ашиглуулаад байна, ингэж явж байгаад ангийн найз минь Б.Батцэцэгийн өмнөөс золионд явчих вий” гэж хэлсэн. Ингээд компани байгуулсан хаягаар нь Алтай хотхоны 53А байранд очтол жирийн нэг айл байна. “Жордан топпен трейд компанийн байр мөн үү” гэхэд биш ээ гэв. Тэгвэл Сувдмаа гэж хүний байр мөн үү гэхэд, би Сувдмаагаас энэ байрыг нэг жилийн өмнө худалдаж авсан. Сувдмаа одоо манай хажууханд 50А байранд орсон юм билээ, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс авах үед таардаг юм, танд хэрэгтэй гэвэл утасных нь дугаарыг өгье гээд дугаарыг нь өгсөн. Тэр дугаар руу хэдэн зуу залгаад утсаа огт аваагүй. Эндээс би ямар ойлголт авсан бэ гэхээр Сувдаа “Жорден топпен трейд”-ийн эзэн үнэхээр биш юм байна. 20 тэрбумын борлуулалтыг хийж байгаа компанийн эзэн ямар байранд амьдарч, ямар машин унах нь тодорхой. Энэ бол цэвэр Б.Батцэцэгийн компани юм байна гэдэг ойлголтыг мэдэж авсан. Гурав дахь нэвтрүүлэг гарсны дараа нэг хүн маш чухал юм хэлсэн.
-Юу гэж?
-Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг”, “Аз хур, “Монголын үнэт цаас хэвлэл” компаниуд гадаад пастортыг хэвлэнэ гээд сүүлийн компани байгуулагдахаас өмнө хэдэн арван контейнер пасторын бэлдэц оруулаад ирсэн гэж хэлсэн. “Төрийн үнэт цаас хэвлэл” компани бараа материал худалдан авах гэрээгээ “Жорден топпен трейд” компанитай байгуулаад мөнгөө “Жордан топпен трейд”-ийн данс руу хийдэг, мөнгөнд нь тохирсон бараа материалыг нь “Мөнхийн үсэг” юм уу, “Аз хур”, “Монголын үнэт цаас хэвлэл”-ийн агуулахаасаа, өмнө нь аваад бэлдчихсэн байсан зүйлээ нийлүүлж байсан шүү гэдгийг хэлсэн. Тэгэхээр Б.Батцэцэг гэж хүний гадаад паспорт дээр хийсэн хулгай луйврын ажил бол маш эртнээс бодож төлөвлөсөн ажил гэдэг нь харагддаг. Тиймдээ яг өөрийн гарын хүмүүсээ буюу гүйцэтгэх удирдлагаар өмнө нь хамт ажиллаж байсан Э.Ариунгэрэлийг, компанийн захирал ТУЗ-ийн даргаар Н.Цэрэндолгор нарыг тавьж ямар ч гарц гаргалгаагүй болгосон.
Энэ бүх бузар булай, авлига хулгай нь илчлэгдээд эхлэнгүүт Б.Батцэцэг шууд над руу дайрч эхэлж байна. Миний согтуу бичлэгийг дэлгээд нийгмээр сэвж байгааг хүмүүс харсан байх. Ингэж ичгэвэртэй арга ядсан зүйл хийхийн оронд үнэхээр буруугүй юм, энэ хүмүүстэй хамааралгүй юм бол нотлох баримтуудаар хариу өгөх байсан. Цэрэндолгор, Ариунгэрэл, Сувдмаа энэ хэд өмнө нь манайд байх нь байсан ч одоо надад хамаагүй гэдэг ч юм уу, нотлох баримтын түвшинд үгүйсгэх боломж байсан. Гэвч чадаагүй. Маш их шатаж бачуурч уурлахдаа хамгийн увайгүй байдлаар тэмцэл хийж байгаа нь өрөвдөлтэй.
“Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн үйлдвэрийн байр нь Тахилтад байдаг. Гэр хорооллын захын гудманд, автобус унаа ч очих юм байхгүй, машины зогсоол ч байхгүй. Өндөр нууцлалтай, цэргээр хамгаалдаг, улсын онцгой объектоо Тахилтад гэр хороололд эзэнгүй хаясан. Гадаад паспорт гэдэг бол нэг цаасыг 10 мянган хувь хэвлэчихдэг зүйл биш. Тэгтэл 10 гаруй мянган гологдол гарсан гэдэг, үүнийг би гадны тагнуулд хэвлэж өгсөн гэж сэтгүүлчийнхээ хувьд шууд хардаж байгаа. Үүнийг тагнуулын байгууллага зайлшгүй шалгах ёстой. Монгол Улс онц чухал газраа хулгай луйврын бүлэглэлд өгчихсөн юм биш биз дээ гэсэн харамсал төрдөг.
-Н.Цэрэндолгор гэгч эмэгтэй Сангийн яам руу яриад 22 тэрбумын тендерийг шууд зогсоосон баримтыг өөрөө дэлгэсэн. Мөн Хууль зүйн яамны шуурхайгаар асуудал яригдсан байдаг, Хууль зүйн сайд хэн байсан бэ?
-2023 онд байгуулагдаад “Жорден топпен трейд”-ээс тендер зарлалгүйгээр шууд 20 гаруй тэрбумын худалдан авалт хийж дүрмээ зөрчсөн тухай би ярьсан. Үүний дараа аудитын асуудал гарсан. Монгол Улс эрх биш аудитын байгууллагатай шүү дээ. Аудитынхан хянангуутаа ингэж болохгүй ээ, гадаад паспортны бэлдэц төрийн нууцад орох бараа материал биш. Буу зэвсэг, танкны сум, тагнуулын зүйл байтал яагаад ингээж дураараа авирлаж байна вэ гэсэн асуудал дэгдсэн. Тухайн үед УБЕГ-ын газрын даргын албыг хашиж байсан Болдхүү сандарч, айгаад Хууль зүйн сайд О.Алтангэрэл дээр барьж очсон байдаг. Би Алтангэрэл сайдтай ярьсан л даа. Сайдын шуурхайгаар яриад “Жордан топпен трейд” компанийг шалга гэж үүрэг өгсөн юм билээ. Компанийнхаа дүрэм, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, ТУЗ-ын гишүүдийн мэдээллийг аваад ир, захирлуудаа дууд гэж хэлсэн ч энэ асуудал тэгсгээд дарагдаад өнгөрсөн байдаг. Дээр нь Б.Батцэцэг сайд байгаа юм чинь. Тухайн үед Н.Цэрэндолгор О.Алтангэрэл сайдтай уулзъя гэсэн хүсэлтийг маш их тавьсан байдаг. Гэвч уулзаагүй. Хэрвээ уулзсан бол ойлгомжтой, энэ асуудлын цаана Б.Батцэцэг сайд байгаа, аятайхан байгаарай гэж л хэлэх гэсэн байх.
Хууль зүйн яамнаас УБЕГ руу үүрэг өгсний дагуу 20 хэдэн тэрбумын тендерээ зарласан байдаг. Тендерийн зарыг албан ёсоор сайтдаа байрлуулаад эхэлтэл “Мигасон”-ы захирал Н.Цэрэндолгор 2025 оны тавдугаар 16-ны өдөр Сангийн яам руу албан бичиг явуулаад, наад тендерээ таслан зогсоо, наад бараа материалыг чинь бид өөрсдөө авна аа гээд зогсоосон. 22 тэрбумын тендрийг бүхэл бүтэн улсын Сангийн яам руу ганц албан бичиг шидээд зогсоож байна гэдэг бол үнэхээр том байгаагийн илрэл. Б.Батцэцэг болоод түүний гар хөл болсон нөхдүүд л ингэж чадна. Одоо хэр нь ямар ч тендергүйгээр Монголын бүх холбогдох хуулийн уландаа гишгээд “Жордан топпен трейд”-ийг жил бүр 20 гаруй тэрбумын бараа материалаа авсаар байгаа. 2023 оноос өнөөг хүртэл. Хэрвээ Монгол Улсад хууль дүрэм үйлчилдэг байсан бол “Мегасон” компанийн захирал Н.Цэрэндолгорыг газар дээр нь барьж аваад хорино. Тендерийн тухай хууль бусад хуулиудыг ингэж ингэж зөрчсөн байна, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон байна гээд Саяхан ЭМД-ын захирал байсан эмэгтэйд 13 жилийн ял оноох байсан. Мөн тус компанид бараа материал нийлүүлсэн компаниийг нь очоод шалгах гэтэл зүгээр нэг айлын хаяг, тэр хаяган дээрээ ч байхгүй байхаар чинь хулгай луйвар гэдэг нь тодорхой болно. Хуурамчаар компани байгуулсан гэдэг нь тодорхой. “Жорден топпен трейд” компанийн эзнийг дуудаад “Гадны ямар улсаас бараа материал авсан, түүний гаалийн бичиг, мөнгө шилжүүлсэн баримтаа шалгуул” гэхэд л асуудал тодорхой болно. Гадаадаас нэг ч бараа материал оруулж ирсэн нь тодорхойгүй, өмнөх олон жилийн туршлага байхгүй, агуулах сав гэж байхгүй, зориудаар ийм хуурамч компани байгуулж мөнгө угаана, тэгэхдээ Монгол Улсын ҮАБ-ын хэмжээний онц чухал объект гадаад паспортыг хэвлэнэ гэдэг арай хэтэрсэн асуудал. Б.Батцэцэгийн аль нэг компани нь өмнө нь оруулж ирээд агуулахдаа хадгалчихсан байсан, тэгээд хуурамч компани байгуулаад тухайн агуулахаасаа зөөсөн гэдэг яриа нь үнэн болж таарч байгаа.
"Жордан топпен трейд"-ийн Сувдаа утсаа ерөөсөө авахгүй байгааг би хэлсэн. Б.Батцэцэг маш их айдастай байгаа учир “За миний дүү эгчийгээ бодоорой, битгий таньж мэдэхгүй утас аваарай” гээд хэдэн төгрөг атгуулаад, за ер нь байдал эвгүйтвэл чи эгчийнхээ өмнөөс явна шүү. Бараг л миний өмнөөс ял үүрээрэй, би арыг нь бат даана” гэж хэлснийг үгүйсгэх аргагүй. Сувдмаа гэж тэр бүсгүйд шуудхан хэлэхэд, чи хань ижилтэй, гурван хүүхэдтэй хүн юм билээ. Үр хүүхдээ бодоорой. Юу ч хийхээс буцахгүй улайрсан шуналтай энэ хүнээс болж онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт унаж шоронгийн хаалга татав даа. Шоронгийн хаалга татах чинь цаг хугацааны асуудал болчихоод байгааг та мэдэж байгаа юу. Үр хүүхдүүдээ, гэр бүлээ, нэр төрөө бодоорой, та л энэ бүх нүглийн золиос болно шүү гэдгийг сануулъя.
-Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл энэ хүүхнүүд чинь бүгд Батцэцэг шигээ болчихдог юм уу. Бүгд даам гарчихаад ингээд сагаад байгаа хэрэг үү. Монголд хууль дүрэм гэж байдгийг мэддэггүй юм болов уу. Батцэцэгийгээ мөнхийн ийм байна гэж бодоод байдаг юм болов уу?
-Цэрэндолгор хуульч хүний хувьд бүгдийг мэдэж байгаа. Гэвч эрх мэдэл, мөнгө гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь эндээс харагдаж байна. Цэрэндолгор, Ариунгэрэл хэн хэн нь хууль ямрыг мэдэж байгаа ч ганцхан юманд дэндүү том байгаа нь харагдаж байна. Батцэцэг гэж хүний хаан байгаад энэ гар хөлүүд нь ингэж хуульгүй мэт дураараа авирлаж байна.
-Хаан гэж Ерөнхийлөгчийг хэлж байна уу?
-Өөр хэнийг хэлэх юм. Монголд ганцхан л хаан байгаа биз дээ. Б.Батцэцэгийн ард яагаад хаан байгаа вэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу ч тэр, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу ч тэр Монгол Улсын гадаад төлөөлөх эрхтэй ганцхан субьект байдаг, тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч байдаг. Ерөнхийлөгч ийм онцгой бүрэн эрхтэйн хувьд Гадаад харилцааны сайдыг томилох эрх мөн Ерөнхийлөгчид байдаг. Одоогийн мөрдөж байгаа хууль Засгийн газрын тэргүүн нь танхимаа бүрдүүлнэ гэж байгаа боловч үе үеийн Ерөнхийлөгч нар Гадаад хэргийн сайд, мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Батлан хамгаалахын сайдаа хэлээд томилуулдаг юм байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан нэвтрүүлэгт орохдоо тухайн үеийн Ерөнхийлөгч Гадаад харилцааны сайдаа өөрөө хэлээд томилуулж байсныг хэлсэн. Б.Батцэцэгийн үеийн үед томилж байгаа энэ хүн бол хаан байхгүй юу. Хаан энэ хүнийг олон Засгийн газар дамнуулж Гадаад харилцааны сайдаар томилуулан ажиллуулж байгаагийн хувьд Монголын гадаад харилцаа сүүлийн үед гутамшигтай байдалд орлоо. Америк манайхыг гуравдагч хөршөө гэж үздэг байсан, сая визний асуудалд орлоо. Байдал ийм байтал манай Ерөнхийлөгч дандаа СТА-ны орнууд буюу дарангуйлагчтай орнуудаар айлчлаад байгаа. Үүгээрээ ямар мессэж өгөөд байгаа юм, энэ орнууд шиг болно гээд байгаа юм уу. Үүнийг нь ёсчлон гүйцэтгэдэг хүн нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг.
Өнгөрсөн жил Япон улсын эзэн хаан Монголд ирлээ, Монгол Улс түүхэндээ ийм амжилт гаргалаа гээд бид хөөрцөглөөд байсан. Япончууд тэнэг хүмүүс биш. Яах гэж Монголд айлчилсан бэ гэвэл 2025 оны есдүгээр сарын 2-нд сард Хятад улс Япон улсыг дарсан дайны 80 жилийн ой нь болоод ёслол хүндэтгэлийн маш том үйл ажиллагаа хийхээр бэлтгэж байхад, түүнийг нь доромжлох гэсэн Японы эзэн хаан Монголд ирж байгаа ийм л асуудал. Түүнээс манай гадаад харилцаа байсан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайндаа биш. 1937 оны Нанжинд болсон аймшигт цуст хядлагаар хятадуудыг япончууд яаж дарлан дээрэлхлээ. Энэ үйлдэлдээ нэг ч удаа уучлалт гуйгаагүй гэдэг. Хятадуудыг сөрж Монголыг шившиг болгогосон ийм л айлчлал. Хятадууд маш их уурласан байдаг. Хойтон жил урьчих гэж хүртэл хэлсэн байдаг, дараа жил нь япончууд ирэхгүй, зөвхөн хятадад сануулга өгөхийн тулд ирж байгаа. Олон улсын геополитикийн тоглолтод нь ороод бүдэрч тэнэгтэж байгаагаа өөрсдийгөө бахдам амжилт гаргасан мэтээр элийрч тэнэглээд яваад байгаа нь үнэндээ ичиж үхмээр.
2026 оны намар Хятадын дарга Си Жиньпин Монголд төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын хооронд хэлэлцээрүүд хийгдэж байгаа байх. Энэ хэлцлийг оройлж байгаа Гадаад хэргийн сайд ийм шившигтэй, ийм гутамшигтай байхыг хятадууд хараад элэг доог болж байгаа. Магадгүй Хятадын дарга Монголд айлчлахдаа “Би танай улсын авлигачин, луйварчин гэж цоллуулж байгаа Гадаад харилцааны сайдтай гар барихгүй” гэвэл яах вэ. Учир нь тухайн улс орны гадаад бодлогыг дэлхий нийтийн өмнө хариуцаж Гадаад харилцааны сайд гэдэг бол хамгийн өндөр ёс зүй, сахилга бат, ёс суртахуунтай хүн байх ёстой. Тиймээс дэлхийн улс гүрнүүд хамгийн өндөр боловсролтой, хамгийн өндөр ёс суртахуунтай, дипломат ёсыг жинхэнэ мөрдлөг болгодог ийм хүнээ Гадаад харилцааны сайдаараа томилж дэлхийд улсынхаа нүүр царай болгодог. Гэтэл Монгол Улс хамгийн ёс зүйгүй, луйварчин, пастортны дамын наймаачин, бохир бүдүүлэг энэ хүнийг Гадаад харилцааны сайдаараа томилоод, хэдэн Засгийн газар дамжуулан ингэж байлгана гэдэг бол улсаа гутаан доромжилсон, байж боломгүй зүйл. Ёс зүйн хувьд ийм дорой бол мэргэжлийн хувьд ямар хэмжээний боловсрол мэдлэгтэй хүн бэ гэдэг нь саяхан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр Д.Цогтбаатар гишүүний асуултад хариулж мэдэхгүй байгаагаас тодорхой харагдсан. УИХ-ын гишүүний асуултад Ерөнхий сайд ч хариулах үүрэгтэй байдаг. Гэтэд асуултад нь хариулж чадахаа болингуутаа би чиний сурагч биш, хариулахгүй гэж цамнаж, төрийн хүний, тэр тусмаа дипломат хүний, улс орноо дэлхий нийтэд төлөөлж ирсэн Гадаад харилцааны сайд хүний хувьд байж боломжгүй шившигтэй байдал гаргасан. Тэрхүү үйл явцаас Б.Батцэцэг гэдэг хүн бол ямар ч боловсрол мэдлэггүй, ёс зүйгүй, үнэхээр бүдүүлэг хүн гэдэг нь харагдсан. Харамсалтай нь дэлхий нийтэд шившгээ дэлгэсэн. Гадаад харилцааны сайд хүн уурлах эрхгүй гэдэг. Төрийн өндөр дээд хэмжээний уулзалтад юу ч яригдсан дипломат ёсоо барих ёстой байдаг. Гудамжинд нэг хүүхэн орилж байгаа юм шиг биеийн хэлэмж, байгаа байдал нь үнэхээр шившигтэй. Үүнийг жирийн иргэн бүр мэдэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч нь яагаад өөрийгөө, бүхэл бүтэн тусгаар улсаа гутаалган байж ийм муухай хүнийг байлгаад байгаа юм бэ. Энэ хүнтэй ямар эрх ашигтай болоод ингээд байлгаад байгаа юм бэ. Ямар нэгэн эрх ашиггүй юм бол Монголын гадаад харилцааг гутааж байгаа энэ хүнийг даруй зайлуулаач ээ. Боловсролын зээлийн сангаас авсан мөнгөө төлөөгүй гэдгийг нь О.Сийлэгмаа гэж хүн хэлж үнэнийг нь гэрчилсэн. Гэтэл зээлийн мөнгөө 23 жилийн дараа төллөө гэх мэдээлэл одоо гарч байна. Энэ бүхэн бол Монгол Улсыг, Монголын ард түмнийг басамжлан доромжилсон явдал.
-Б.Батцэцэгтэй өнөөдөр Монгол хэвлэлийнхэн л зоригтой үзэж байна. Бүх юм тодорхой цаасан дээр хараар бичсэн хөдөлшгүй баримттай ийм байхад Эрүүгийн цагдаа, тагнуул, АТГ, прокурор гээд хууль шүүхийнхэн авч хэлэлцэхгүй таг дүлий юм шиг чимээгүй байна?
-Хаан ард нь байгаа юм чинь, яаж хууль шүүх нь хөдлөх юм бэ. Үндсэндээ Б.Батцэцэгийн ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Хаан азаар удахгүй бууна. Хааныг буухад, хааны хамгаалалт дор хууль бусаар авирлаж ирсэн бүх хүмүүсийг шалгаж эхлэх нь гарцаагүй. Шалгаж эхлэх хүмүүсийн лестний нэгдүгээрт Б.Батцэцэг байгаа. Ямар дур зоргоороо ямар давлиун байна вэ. Хаан байгаа цагт АТГ, цагдаа, прокурор, шүүх аль нь хөдлөхгүй. ҮАБЗ-ийн хурлыг хуралдангуутаа хаан ганцаараа үүрэг өгөөд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорь гээд хориулчихсан гэсэн биз дээ. Үүнийг би хэлээгүй шүү. Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга байсан Д.Амарбаясгалан хэлээд байгаа биз дээ. Наадах чинь ингэж үүрэг өгөөд л хүмүүсийг шоронд хийлгэчихдэг гэж хэлээд байгаа. Б.Батцэцэг болоод түүний гар хөл болсон Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нарын нөхдүүд одоохондоо ингэж давлиун зан гаргаж, ёстой хуульгүй юм шиг дур зоргоороо авирлаж байна. Гэхдээ удахгүй ээ. Би албан бус мэдэлэл авсан. Миний хоёр нэвтрүүлэг гарсны дараа Ерөнхий сайд Н.Учрал тархи руугаа шаагаад амьдралдаа хэлж үзээгүй хараалын үгээ хэлж байна гэсэн. Улс орныхоо нэр хүндийг шавар шавхайтай хутгасан ийм бүдүүлэг, луйварчин Гадаад харилцааны сайдтай байгаадаа тэр хүн гутарч, уур бухимдал дээд цэгтээ хүрч, тэгээд хэлдэггүй муу үгээ хэлсэн байх. Үнэхээр тэр хүнд бүрэн эрх нь байсан бол хэдийнэ Гадаад харилцааны сайдаас нь огцруулах байсан. Гол нь энэ хүний цаана хаан байгаад хамаг учир байна. Хэрвээ Батцэцэгийн ард хаан байхгүй, эрх ашиг нэгтэй биш л юм бол хөөгөөд явуулаач ээ. Сайдынх нь сэнтийгээс буулгаач ээ. Саяхан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан “Б.Батцэцэг сайд та ажлаа өгөөд шалгуулаач” гэж хэлсэн. УИХ-ын дарга байсан, МАН-ын даргаар сонгогдож байсан хүн энэ олон хөдөлшгүй баримтыг хараад аргагүйн эрхэнд ингэж хэлж байна. Б.Батцэцэгийг ингэж дур зоргоороо авирлахыг, хэдэн арван тэрбумаар нь идэж байгааг нь чимээгүй хараад суух хэрэг үү. Нийгэмд шүгэл үлээхгүй бол улам энэ даамжирч татвар төлөгчдийн мөнгөөр эрхтэн дархтанууд тэр тэрбумаар нь гараа угааж байна.
-Батцэцэг бачимдаж үхэх гээд бохир аргаа хэрэглэж байна гэж өөрөө хэлсэн. Онгоцонд байсан, өөртэй чинь холбоотой бичлэгийг хэлээд байна уу?
-Хамаг булхай луйвар нь ил баримттай гараад ирэхээр бачуурч бохир муу арга хэрэглэж байгаа нь тэр. Би ямар төрийн мөнгөөр, төсвийн мөнгөөр зугаалсан биш. Ёс бус авир гаргаагүй. Архи л уусан байсан. Хамгийн шившигтэй тэр бичлэгийг ГХЯ-ны нэг газрын дарга, тэгэхдээ дипломат албаны гэсэн байх, Болдбаатарын Халиун гэж тэр хүн цацаж, нийгэмд сэвүүлж байгаа. Баянхонгороос Батцэцэгийн авчирсан хүн юм билээ. Хэрвээ тэр хүн дипломат мэргэжлийг эзэмшсэн бол, дипломат хүний ёс зүйн хувьд хөгийн юм хийгээд, тийм бичлэг шейрлээд сууж байхгүй. Дипломат албаны хүний ёс зүйн код айхавтар том юмыг тэр хүн мэдэх учиртай. Гэтэл дипомат ёс гэдгээ нулимчихаад гудамжны хүн шиг ийм юм шейрлээд, зохион байгуулаад байж байна гэдэг бол цаад утгаараа Б.Батцэцэгийг тойрсон ямар ёс зүй, аймшигтай бүлэглэл бий болжээ гэж харагдахаар байна. Энэ бүлэглэл Монголын нэр нүүр болсон гадаад харилцаа, дипломат албанд байгаад үнэхээр харамсаж байна, эмгэнэж байна. Миний хувьд “Өдрийн сонин”-д баярладаг. Монгол Улсад бүх оффис дипломатын газар консул ЭСЯ нь байгаа газрууд өдөр тутмын сонин, ялангуяа “Өдрийн сонин”-ыг захиалж уншдаг. Сониноо уншаад архивлаад, тухайн улс руу явуулж архив болгон хадгалдаг. Монголтой холбоотой түүхэн баримтыг олон жилийн дараа эргэж харна. Өнөөдрийн энэ олон сайт, контент, нэвтрүүлэг байхгүй, ганц сонин үлдэнэ. Б.Батцэцэгийн тухай “Өнөөдөр” сонин дээр мөн луйвар булхай нь гарч байсан. Монголын төрийг гутамшиг болгож байгаа энэ хүн өдөр тутмын сонинд ингэж бичүүлж өөрийгөө гутамшигтайгаар тамгалуулж үеийн үед үлдэж байна гэж харж байгаа. Би үнэний төлөө явж байгаадаа, энэ хүний бузар булайг үнэнээр нь, ил цагаан баримттай гаргаж тавьсандаа нүүр бардам байна.
Д.БАТБОЛД
"Өдрийн сонин"
/2026.05.11/