“Оюу Толгой” ХХК-ийн Монголыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан өөрийн цахим хуудастаа тус компанийн 2026 оны нэгдүгээр улирлын тайлангийн тоо дүнгүүд буруу, үүнийг нь хэд хэдэн мэдээллийн сайтууд нийтэлсэн талаар шүүмжлэн бичсэн байв.
Тэрбээр, “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд таван жил ажиллах хугацаанд хурлын материал, санхүүгийн мэдээлэл дээр байнга тооцооллын болон логикийн алдаа олж илрүүлдэг байлаа. Харамсалтай нь “Оюу Толгой” ХХК-ийн удирдах багийн хяналтгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдал С. Мөнхсүх захирлын үед ч үргэлжилж буй юм байна.
Асуудлын гол нь цөөн хэдэн тоо буруу тайлагнасандаа ч бас биш. Үүнд:
- Энэ тоонууд нь Рио Тинто-гийн англи хэл дээр гаргасан тайланд зөв тайлагнасан боловч Монголын хэвлэл мэдээлэлд өгсөн дүнгүүд буруу байгаа нь Монголчуудыг басамжилсан, үл ойшоосон хоёрдмол давхар үйлчилж байгаагийн тод жишээ.
- Ямар нэгэн тайлан, санхүүгийн тооцоололд ганц ширхэг л алдаа бүхий агуулга байхад тэр тайлан тэр чигтээ найдваргүй, итгэл төрүүлэхгүй буюу хэрэггүй болдог.
- Дараалсан улирлуудын тайлангийн нэг нь алдаатай бол цаг хугацааны хувьд, жилийн өссөн дүнгээр г.м. харьцуулсан тооцоолол хийж, үйл ажиллагааг том зургаар харахад хүндрэлтэй, боломжгүй болдог.
- Ер нь “Оюу Толгой” ХХК буюу Рио Тинто-гийн менежмент нь санхүүгийн мэдээллээ, нийт борлуулалт, зардал, ашиг, цэвэр мөнгөн гүйлгээ зэрэг бүрэн бүтэн, ил тод, нээлттэй тайлагнадаггүй хэр нь, амнаас нь алт унах мэт цөөхөн хэдэн баяжмалын биет тоонууд тайлагнахдаа үнэн зөв, алдаа мадаггүй гаргаж чадахгүй бол тэгээд танай улирлын тайлангаар Монголчууд бид яах вэ дээ. С.Мөнхсүх захирал болон “Оюу Толгой” ХХК-ийн удирдлагын баг залруулга хийж цаашид анхааран ажиллавал сайн сан” хэмээн бичсэн.
Харин өнөөдөр “Оюу Толгой” ХХК залруулга гаргажээ.
Үүнд, “Өнгөрсөн долоо хоногт бид энэ оны эхний улирлын тайлангаа танилцуулсан. Энэ үеэр компанийн үйл ажиллаганы 2025 оны жилийн тайлан, 2026 оны I улирлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг нийтэлсэн. Эдгээр тайланд нийтэлсэн тоо баримт үнэн зөв. Гагцхүү хэвлэлийн мэдээ дэх хүснэгтэд алдаа гарч 2025 оны 4-р улирлын зарим тоог 2025 оны нийт дүнгээр оруулсан байсныг зассан болно. Тус алдаа нь санаатай үйлдэл биш болно. Үүнээс үүдэн зөрүүтэй ойлголт өгсөнд хүлцэл өчье, Анхаарал тавьж бидэнд хандсанд баярлалаа. Бид цаашид илүү няхуур нягтлах арга хэмжээг авах болно. Ил тод, үнэн зөв мэдээллээр хангах нь бидний зорилго. Жилийн болон улирал тутмын тайланг цаг хугацааны дарааллаар компанийн цахи хуудас www.ot.mn- ийн “Тойм мэдээ” хэсэгт олон нийтэд тухай бүр нээлттэй байршуулсныг үзэх боломжтой” хэмээжээ.