Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан баасан гарагт болно. Тэгвэл тус хуралдааныг ахлах ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад 11 сар болж байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн хоёр суудал С.Бямбацогтын шийдвэрийг хүлээж байна. Учир нь Г.Баясгалангаас гадна Л.Өлзийсайханы орны томилгоо хийгдээгүй байгаа юм. Тэрбээр ҮХЦ-ийн гишүүнээр 2023 оны 11 сард томилогдсон ч 2025 оны 11 сарын 28-ны өдөр УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар ирсэн билээ. Эл хоёр томилгооны эрх УИХ-ын даргад байдаг ба Д.Амарбаясгалан, Н.Учрал нар УИХ-ын дарга байхдаа цөмөрч амжаагүй билээ.
Үндсэн хуулийн цэц өөрөө есөн гишүүнтэй, Их суудлын хуралдаан нь 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвын УДШ-ээс санал болгон томилдог юм. Тэр бүтцээр нь харвал,
УИХ-аас: Г.Баясгалан, Л.Өлзийсайхан, Ц.Цолмон
Ерөнхийлөгчөөс: Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Э.Энхтуяа
УДШ-ээс: Ж.Эрдэнэбулган, Д.Ганбаатар, О.Мөнхсайхан нарыг томилж байж.
Одоогоор Л.Өлзийсайханаас бусад нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа.
Г.Баясгаланг 2019.06.05-нд УИХ-аас Цэцийн гишүүнээр томилж байлаа. Түүнийг Г.Занданшатар УИХ-ын дарга зүгээс санал болгож, УИХ-аар дэмжүүлсэн. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдоод жил ч болоогүй байхад нь ҮХЦ рүү илгээсэн байдаг. Улмаар 2024 онд ҮХЦ-ийн дарга болсон.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан түүний оронд хүнээ санал болгох ёстой байсан ч амжаагүй. Улмаар Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг /2025-10-22/-нд дэнслэхэд хуралдааныг даргалсан. Нэг үгээр хэлбэл Г.Занданшатарын Засгийн газрыг авч үлдсэн гэж хэлж болно. Тухайн үед түүнийг томилсон эзэндээ тус хүргэсэн гэж улс төрийн хүрээнд яригдаад байсан билээ.
Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: 130 сая
- Гэр бүлийн орлого: 48 сая
- Нийтийн орон сууц нэг, Зуслангийн байшин нэг, авто зогсоол нэг: 401 сая
- Toyota, Land Cruiser 200- 166 сая
- Эзэмших эрхтэй дөрвөн газартай: 260 сая
- Хадгаламж: 10 сая
- Зээл: 117 сая
- Партнерс Форэвэр ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Харин Л.Өлзийсайханы хувьд 2023 оны 11 сарын 16-нд УИХ санал болгосноор ҮХЦ-ийн гишүүн болж, Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэрийг ҮХЦ хэлэлцсэний дараа буюу 2025 оны 11 сарын 28-нд УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон. Ингэхдээ Үндсэн хууль болон цэцийн тухай хуулиа зөрчин томилогдсон гэж хэлж болно. Хуульдаа,
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.4 дэх заалт
- “Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчжээ.
Мөн Үндсэн хуулийн 65.1 дэх заалт
- “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.
Гэтэл тус хуулиудыг зөрчиж энэ суудалдаа ирж суугаад таван сарын хугацаа өнгөрч, хоёр дахь УИХ-ын даргынхаа нүүрийг үзээд байна.
Л.Өлзийсайханы хамгийн сүүлд АТГ-т мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: 79 сая
- Гэр бүлийн орлого: 22 сая
- Нийтийн орон сууц хоёр, авто зогсоол нэг: 469 сая
- Дөрвөн газартай: 86 сая
- Үнэт эдлэл: 10 сая
- Хадгаламж: 26 сая
- Авлага: 128 сая
- Зээл: 10 сая
Бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хэзээ дуусах вэ:
УИХ-аас санал болгосон Ц.Цолмон: Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа 2030 онд дуусна.
Ерөнхийлөгч санал болгож томилогдсон Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Э.Энхтуяа
Б.Болдбаатар: Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа 2030 онд дуусна.
Р.Батрагчаа: Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Бүрэн эрх нь 2030 онд дуусна.
Э.Энхтуяа:Монгол Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа нь 2029 онд дуусна.
УДШ-ээс санал болгосноор томилогдсон: Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан
Ж.Эрдэнэбулган: Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусна.
Д.Гангабаатар: Монгол Улсын Их Хурлын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусна.
О.Мөнхсайхан: Монгол Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа 2029 онд дуусна.
О.ОНОН
Эх сурвалж: Eguur.mn