Ё.Батбаяр: Аялагчийг Элчингээр томилж, Америкийн визний хоригт улсаа оруулсных нь төлөө Б.Батцэцэгт хатуу хариуцлага тооцох ёстой

оруулсан Алсын Хараа

-ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЯЛАГЧ Ө.БАТБАЯРЫГ ЭЛЧИН САЙД БОЛГОХ ГЭЖ УЛАЙРСАН ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД АНУ ДАХЬ МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН СУУДАЛ ЭЗЭНГҮЙ БАЙСАН. ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар, мөн МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Ё.Батбаяртай ярилцлаа.


-Та Монголд ирээд удаж байна уу. Хүмүүс таныг Америкт байгаа гэж боддог юм билээ?

-Тийм ээ, намайг АНУ-д байгаа гэж бодоод байх шиг. Би Монголд ирээд гурван жил болж байна. Долоо хоног бүр олон улсын байдлын талаар улс төрийн нэвтрүүлэг цахимаар явуулдаг ийм ажилтай. 2007 оноос АНУ-д ажиллаж амьдарсан. 2011 онд Монголд ирэхдээ Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албыг хариуцах саналыг хүлээн авсан. Дараа нь МҮОНРТ-ийн дэд захирлаар ажилласан. Монголын 150 сэтгүүлчийг Америк руу авч явж байсан гээд яривал тэр үеийн сонин содон үйл явдал зөндөө. Анх яаж Америк явсныг хүмүүс сонирхдог. “UBS”телевизээр “Хөгжлийн гарц” нэвтрүүлэг хийдэг байсан. Монголд суугаа бүх л Элчин сайдууд манай нэвтрүүлгээр орж тухайн орны Монголд явуулж байгаа бодлого, харилцаа, хамтын ажиллагааны тухай ярина. Бээжинд Монголыг хамран сууж байгаа Элчингүүд манай нэвтрүүлэгт оролцохоор онгоцоор ирдэг байсан. АНУ-аас Монгол Улсад сууж байсан дөрвөн ч Элчин сайд орж байсан. Энэ үед АНУ-ын ЭСЯ-аас “Манай Төрийн департамент буюу Гадаад яамны Олон улсын хэвлэл мэдээллийн албанд ажиллаж болно,тэгвэл бид зөвшөөрнө” гэж санал тавьснаар Америк явж байлаа. Тэнд 15 жил амьдарсан байна.

-Олон улсын сэтгүүлч, судлаачийн хувьд та Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албанд шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, “АНУ-д суугаа Элчин сайд нь Ө.Батбаяр биш, харин түүний гэргий Б.Батцэцэг сайдын дүү” гэж нийтийн сүлжээнд бичсэн. Үүнийг асуухын өмнө Ардчиллын баянбүрд гэгддэг манай улс Америкийн визний хоригт орсныг асууя, энэ юу болов?

-АНУ-д 15 жил болохдоо хоёр, гурван ч Ерөнхийлөгчийн айлчлал, Гадаад харилцааны сайдын айлчлал мөн НҮБ-д манай төр засгийнхны хийж буй айлчлал гээд тэр бүгдийг сурвалжилж, яриа хэлэлцээрийг нь сонсож байлаа. Энэ бүгдэд америкчууд дэлхийд, тэр тусмаа Төв Азид-д АНУ-тай өдий хүртэл харилцаагаа зузаатган авч яваа хамгийн ардчилсан улс бол Монгол Улс гэж хэлж байсан. Ардчиллыг хамгийн сайн хөгжүүлж байгаа, таны хэлдгээр Ардчиллын баяр бүрд болсон орон гэж манайхыг хэлдэг байсан. Гэтэл өнөөдөр яагаад энэ улсыг Америк визний хоригт оруулчихав гэдэг асуудал сонин байна. Манай төлөөлөгчийн газар АНУ-д анх нээгдсэнээс хойш 37 жил болж байна. Энэ хугацаанд есөн Элчин сайд ажилласан. Визний хоригт орсон энэ асуудал яалт ч үгүй одоо Элчин сайдаар ажиллаж байгаа Ө.Батбаяртай холбоотой. Өмнө нь Элчин байсан эрхмүүд бүгд дипломат албанд ажиллаж байсан, дипломат сургууль төгссөн, дипломат ёс жаяг гэж юу байдгийг төгс мэддэг хүмүүс байсан. Тэгтэл одоогийн Элчин сайд Ө.Батбаяр Гадаад явдлын яаманд ганц ч жил ажиллаж үзээгүй, дипломат алба гэдгийг мэдэхгүй ийм хүнийг дээрээс татаасаар томилсон нь маш харамсаар юм болсон. Ямар хүнийг томилж байна гэдгийг АНУ-ын Төрийн департамент бүгдийг хянаж байгаа. Гэтэл зүгээр нэг аялагч нөхрийг томилсон нь доромжлол мэт болсон. Үүнийг америкчууд шууд хэлэхгүй, тэр нь дипломат ёсонд нийцэхгүй. Харин Америкийн гаргаж байгаа бодлого, Монголыг визний хоригт оруулж байгаа энэ бүх зүйл бол Монголын Элчин сайдад америкуудын өгч байгаа том дохио, монголчууд бидэнд хариугаа өгч байгаа илэрхийлэл. Дипломат алба гэдэг маш том сургууль, ёс жаяг байдаг. Наад зах нь дипломат яриаг эхлүүлэх гэдэг харилцааны том соёл байдаг. Албан уулзалтыг дипломатууд хэзээ ч албан яриагаар эхлүүлдэггүй. Нөгөө хүнийхээ уур амьсгалыг өөрчлөх, нөгөө хүнээ таних үүднээс яриаг зөөлөн маягаар сонирхолтойгоор эхлүүлдэг. Яаж эхлүүлэхээ өмнө нь нарийн боловсруулсан байдаг. Монголын Элчин Ө.Батбаяртай уулзахад дипломатууд ямар тактик хэрэглэхээ мэдэхгүй. Учир нь тэр ямар сургууль төгссөн нь тодорхойгүй. Монголд байсан “Сэрүүлэг” гэж хувийн сургуулийг Америкийн дипломатууд байтугай монголчууд өнөөдөр бараг мэдэхгүй. Дэлхий дээр олон диплломатуудыг бэлтгэж байгаа дөрвөн том сургууль бий. Манай ихэнх дипломатууд төгссөн Москвагийн Олон улсын харилцааны их сургууль байна. АНУ-ын Жоржтауны Олон улсын харилцааны их сургууль байна, АНУ-ы Харвардын их сургуулийн Гадаад харилцааны танхим гэж байгаа. Эдгээрээс гадна нэг номерийн гэгддэг Оксфордын их сургууль байна. Энэ сургуулиудыг төгсөж дипломат болох гараагаа эхэлж гэж боддог байтал Монголоос АНУ-д томилогдсон Элчин сайд монголчууд өөрсдөө бараг мэдэхгүй “Сэрүүлэг” нэртэй хувийн сургуулийг төгссөн нь дипломатуудын дунд гологдохоос гадна, тэднийг доромжилсон мэт явдал болсон.

-Дипломат албаны “А” ч байхгүй, зүгээр нэг аялагчийг яагаад Монголын гуравдагч хөрш гэгддэг Америк гүрэнд Элчингээр тавьж байгаа юм бэ. Таны хэлээд байгаачлан хамаатан садан юм уу?

-Шуудхан хэлэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаатан гэсэн яриа дуулддаг. Баттай эсэхийг мэдэхгүй байна. Хүмүүсийн яриагаар бол Ө.Батбаярын гэр бүлийн хүн Б.Батцэцэг сайдтай хамаатан гэсэн яриа байгаа. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллага, сошиалаар их бичигдсэнийг та бас мэдэж байгаа байх. Хэрвээ үнэн бол үүн шиг ичгэвэтэр юм байхгүй. 2021 оны 11 дүгээр сард Ө.Батбаярыг УИХ-аас Элчин сайдаар томилсон. Өмнөх Элчин сайд Ё.Отгонбаяр 2021 оны гуравдугаар сард ажлаа өгсөн. Энэ хугацаанд манайх АНУ-д Монголоо төлөөлсөн Элчин сайдгүй байсан. АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа бүтэн зургаан сарын хугацаанд Элчин сайд томилогдохгүй, ЭСЯ, Элчин сайдын суудал эзэнгүй байсан. Дэлхийн хөдөлгөгч том гүрэнд Элчин сайдыг шууд зөрүүлэн томилдог. Гэвч юунаас болж зургаан сар Элчингүй байв гэхээр ерөөсөө л Б.Батцэцэг сайд өөрийн хүн болох Ө.Батбаяр гээчийг томилох гэж улайран зүтгэсэн нь илт байна. Тэр үед дэлхийн геополитикийн байдал, эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд маш эгзэгтэй цаг мөч байсан. 2020 онд ковид гарсан, дэлхийн эдийн засаг яаж уналтад орсныг бид мэднэ. Ковидоос дөнгөж гарч ирж байх үед манайх Элчин сайдгүй яам нь эзгүй зургаан сар болно гэдэг яаж нөлөөлөх үү. Мөн Орос Украины дайн эхлэх гээд байсан. 2022 оны 2 дугаар сард Орос Украйны дайн гарсан, дайн болох нь гэдгийг дэлхий нийт хоёр жилийн өмнөөс мэдэж байсан. Гэвч энэ нөхцөл байдлыг Монгол тоогоогүй. Дээрээс нь Хятад хилээ хаасан асуудал гээд олон улсын геополитикийг манайтай шууд хамааралтай энэ онцгой нөхцөлд Гадаад харилцааны сайд энэ бүгдийг бодолгүй, улс орныхоо гадаад бодлого харилцааг үл тоосон мэт байдал үзүүлж, өөрийн хүнээ Элчин сайдаар томилох гэж улайрч зүтгэсний горыг өнөөдөр Монгол Улс амсаж байна. Визний хоригт орсон асуудлыг гогцоог би ингэж харж байна.

-Манайх визний хоригт орчихлоо. Гэтэл сайн ажилласан гэж Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар дахин томилогдож, Ө.Батбаяр Элчин сайдаар дахин сунгагдсан. Юм ойлгодог хүнд энэ бол маш том доромжлол мэт санагдах юм. Ө.Батбаярын Элчин сайдын албаа ямар үнэлгээтэй хашсан гэж хэлэх вэ?

-Ө.Батбаярын өнөөдрийн хийж байгаа ажлыг дүгнэвэл маш муу гэсэн үнэлгээг шууд өгнө. Хугацааг нь дахиад сунгасанд үнэхээр гайхаж байгаа, харамсаж байгаа. Ө.Батбаяр өнөөдөр дипломат харилцааг юу гэж ойлгоод байна гэвэл Америкт байгаа монголчуудаар өөрийгөө тойрон хүрээлүүлээд сууж байвал болоод байна гэж бодоод байх шиг байна. Үгүй ээ, энэ бол консулын ажилтны ажил. Дипломат хүний хийх гол ажил бол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, нөхөрлөл, ялангуяа дайн болж байгаа энэ үед улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, эдийн засгийн хувьд хэрхэн яаж хангах вэ гэдгийг бодох учиртай. Гэвч ингэж бодож, хийж хэрэгжүүлж байгаа юм огт алга. Харин тэндээс авч байгаа мэдээллээр ерөөсөө хийдэг ажил нь олон медаль тараах. Хамгийн ичгэвэртэй нь манай Зам тээврийн яамны олгодог “Онц тээвэрчин” гэдэг цолыг АНУ-д байгаа том тэрэгний жолооч нарт өгч байгаа явдал. Ийм тэмдэг тараагаад явж байна гэдэг бол мэдлэг боловсрол тааруу хүний л ажил. Учир нь өөрийн гэх хүчгүй, дорой хүн л бусдыг мөнгө төгрөг, одон медалиар хуурч өөрт татах гэж оролддог. Б.Батцэцэгээс өөр Гадаад харилцааны сайдтай, Ө.Батбаяраас өөр Элчинтэй,өндөр дээд мэргэжлийн хүмүүс байсан бол өнөөдөр Монгол, Америкийн харилцаа урьдынх шигээ ямар дээд хэмжээнд байхав. Америкийн хөрөнгө оруулагчид, улстөрчдийг Монгол руу татсан хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд байх байсан. Гэтэл Америкт байгаа монголчуудаар өөрийгөө тойрон хүрээлүүлчихээд түүнийгээ жигтэйхэн том ажил гээд сууж буй Элчин сайдтай байгаа нь үнэхээр харамсалтай. Миний энэ ярилцлагыг магадгүй АНУ-д байгаа хүмүүс уншаад дургүй нь хүрнэ байх, гэвч ийм муухай жишиг тогтоож байгаа нь жигшмээр.

АНУ-д явуулсан Элчин нь ийм тас хөндий, дипломат алба байтугай Монгол Улсын гадаад бодлого, хууль тогтоомж гэж чухам юу болохыг ч бараг мэдэхгүй ийм нөхөр байтал манай Гадаад харилцааны сайд саяхан яаж онигоо болсныг та бүхэн Төрийн ордонд харсан байх.

-Байнгын хорооны хуралдаан дээр Д.Цогтбаатар гишүүнтэй хэрэлдсэнийг та хэлээд байна уу?

-Тийм ээ, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үйл явцыг хэлж байна. Төрийн энэ том хуралдаан дээр бүхэл бүтэн улс орны Гадаад харилцааны яамны сайдын амнаас гарч байгаа үг бүхэн улс орны өмнөөс хэлж байгаа үгтэй ижил дүйж очно. Гэтэл тэр УИХ-ын гишүүний асуултад хариулахгүй, би чиний сурагч юм уу гэж гудамжинд хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг ёс зүйгүй байдал гаргасан нь үнэхээр итгэвэртэй явдал болсон. Гадаад харилцааны яамны сайд хүн ноот бичиг гэх энэ амархан асуултад ердөө ганцхан өгүүлбэрээр хариулахад болно. Ноот бичиг хоёр төрөл байдаг нэг ньулс орноо төлөөлсөн, нэг нь хувийн ноот бичиг байдаг гээд хэлчихэд чадахгүй байна гэдэг үнэхээр ичгэвэртэйг харлаа. Олон улсын дипломат албаныхан Б.Батцэцэг сайдын энэ байдлыг хараад Монгол Улсыг хэрхэн дүгнэсэн бол гэхээс харамсал халаглал төрж байна. Тэр хүний биеийн хэлэмж, байгаа байдал зэрэг нь үнэхээр бүдүүлэг, ёс зүйгүй харагдсан, ямар ч мэдлэг боловсролгүй юм байна гэж захын хүн ойлгохоор харагдсан. Биеийн хэлэмжээс нь харахад, ямар дээрэнгүй, энэ улсын хатан хаан юм уу гэмээр л харагдсан. Асуулт асуусан Д.Цогтбаатар гишүүн аргаа барахдаа “Б.Батцэцэг сайдыг би ноот бичиг гэдгийг мэдэхгүй байна гэж яаж мэдэх юм бэ” гэж хэлсэн. Ийм л Гадаад харилцааны сайдтай, ийм л Элчин сайдтай байна шүү дээ, Монгол Улс. Тэгээд бодоод үзэхгүй юу. Визний хоригт Ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улс орчихлоо. Гэтэл Узбекистан, Тажикистан, Киргизистан гээд таван стан орон ороогүй. Тэр бүү хэл Трамп Станы таван оронтой дээд хэмжээний уулзалт хийж эдгээр орнуудад Америкийн хөрөнгө оруулалтыг татах гэрээ хэлэлцээр хийсэн. Визний хоригт Гүрж улс орсон. Гүржийн удирдагч сүүлийн 10-аад жил ОХУ-ын бодлогыг хэрэгжүүлж, ардчилал, ил тод байдлыг устгаж, нухчин дарж байгаа ийм орон. Энэ оронтой манайх хамт хоригт орсон.

-Ардчиллын баянбүрд гэгдэж байсан Монгол Улсыг Америкийн визний хоригт оруулж Монголын гадаад бодлогыг сөнөөж байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хариуцлага тооцох, түүнийг огцруулах, мөн Элчин сайд Ө.Батбаярыг эргүүлэн татаж мэргэжлийн туршлагатай дипломатыг Элчингээр томилох шаардлага үүсч байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Монголд хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл байхгүй болсны жишээ энэ хүмүүс төрийн өндөр алба болох Гадаад харилцааны сайд, Элчин сайдын ажлаа үргэлжлүүлээд явж байна. Америкийн хоригт орно гэдэг бол Ардчилсан Монгол Улсын хувьд байж боломгүй зүйл. Гэвч эдгээр тушаалтнуудтай хариуцлага тооцохгүй байгаа нь, энэ тухай огт яригдахгүй байгааг юу гэж ойлгох уу. Зүйн ёсны хувьд бол хатуу хариуцлага тооцох учиртай. Өнөөдөр Монголд Америкийн хөрөнгө оруулалттай компани байхгүй. Бүгд гараад явсан. Ер нь Америкийг Монголд оруулж болохгүй гэдэг хаалт хоёр хөрштэй холбоотой. Энэ бүхнээс харахад манай гадаад бодлого, Б.Батцэцэгийн удирдаж байгаа яамны бодлого маш буруу байгаа юм. Зүгээр нэг аялагчийг Америкт суух Элчингээр ичиж зовохгүйгээр томилно гэдэг бол ГХЯ-нд ажиллаж, зүтгэж байгаа залуучуудын хүсэл эрмэлзлийг зүгээр л тас цохьсон явдал. Америкт Бэхбат гуай ямар мундаг сайд байв, Алтангэрэл гуай байна, Равдангийн Болд гуай байна. Энэ хүмүүсийн хувьд бол Б.Батцэцэгийн тавьсан гэх Ө.Батбаяр гэдэг аялагч бараг доромжлол шиг санагдаж байгаа байхгүй юу. Дипломат харилцаан дээрээ Монгол Улс том бодлого барихгүй бол дэлхий дахинд элэг доог болох ийм гутамшигтай байдал руу орж байна.

Д.Батболд

"Өдрийн сонин"

/2026.04.27/

Сэтгэгдэл бичих