Б.Батцэцэг сайддаа хариуцлага тооцохгүй юм уу, эрх баригчид аа!

оруулсан Алсын Хараа

Эрх баригч намын байгуулсан дөрвөн ч Засгийн газрын Гадаад харилцааны сайдын албанаас буухгүй байгаа Б.Батцэцэгийн хамааралтай аж ахуйн нэгжүүд татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээгээр “сааж” буй тухай баримттай мэдээлэл удаа дараа хэвлэлүүдээр мэдээлсээр.

Харамсалтай нь, илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр хэвлэлд гарч байгаа нийтлэл, нэвтрүүлгийн мөрөөр шалгадаг ч үгүй, хариуцлага тооцох талаар эрх мэдэлтнүүд нь ганц ч үг ганхийхгүй байсаар.

Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй болохоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ашиг хүртэж, төр мөнгөө хий урсгасаар байгаа билээ. Түүний хамаарал бүхий “Мөнхийн үсэг” тэргүүтэй аж ахуйн нэгжүүд нь төрөөс зарласан хамаг тендерүүдийг хамж байсан бол сүүлдээ хүний хувийн мэдээллийг агуулж байдаг гадаад паспорт хэвлэх ажилд Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий захирлуудтай компани орох болсныг нууц.мн сайтын С.Будрагчаа удаа дараа нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргээд байна. Түүнд дурдсанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын 2023 оны 69 дүгээр тогтоолоор үндэсний цахим гадаад паспортын бэлдцийг үйлдвэрлэх, бичилт хийх төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч “Төрийн үнэт цаас” төрийн өмч давамгайлсан ХХК-ийг төр, хувийн хэвшлийн оролцоотой байгуулсан.

Энэ компанийн 51 хувийг төр, 49-ийг нь “Мегасон” гэх компани эзэмшдэг бөгөөд төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар эзэмшдэг. Энэ төрийн өмч давамгайлсан ХХК 2023 оны гуравдугаар сараас үндэсний цахим гадаад паспортын шинэ загварыг хэрэглээнд нэвтрүүлсний цаана ямар нэг ашиг сонирхол байсан юм биш биз гэх хардлага ч төрүүлдэг.

Энэ “Төрийн үнэт цаас” ТӨДХХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг “Мегасон” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч нь Ц.Цэрэндолгор гэж хүн бий. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хамааралтай аж ахуйн нэгжүүдийн хуулийн зөвлөх, хуульчаар ажиллаж байсан, хэд хэдэн төрийн өмчит компанитай байгуулсан гэрээнд Ц.Цэрэндолгор гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт ч байгаа юм.

Үүнээс үзэхээр яалт ч үгүй Б.Батцэцэг сайдын хамааралтай “Мегасон” гэх компани гадаад паспортын шинэ загвар батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн нь тодорхой болж байгаа юм.

“Мегасон”-ы гүйцэтгэх захирал Ц.Цэрэндолгор 2025 оны тавдугаар сард 1-23 дугаартай “Мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа хүсэх тухай” гэсэн албан бичиг Сангийн яаманд илгээж, УБЕГ-аас 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр зарласан “Үндэсний гадаад паспортын бэлдэц авах” УБЕГ20250102013 дугаартай, 22.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг хүчингүй болгуулсан байдаг. Улмаар “Жордан Топпен трейд” гэх компанитай шууд гэрээ байгуулан 24 тэрбумаар гадаад паспортын бэлдэц авсан тухай сэтгүүлч С.Будрагчаагийн нэвтрүүлэгт тодорхой дурдсан.

Хэдийгээр “Жордан Топпен трейд” ХХК нь Б.Сувдмаа гэдэг хүний нэрээр бүртгэлтэй, эцсийн өмчлөгчөөр нь тухайн хүн байдаг ч гэлээ уг хүн нь Б.Батцэцэг сайдын хүү Г.Соджамцтай хамт Ви Эс Эм компанийг үүсгэн байгуулсныг нээлттэй мэдээллийн сангаас харж болно.

“Жордан Топпен трейд” ХХК-иас 24 тэрбум төгрөгөөр бэлдэц худалдан авсан үйлдлийг Үндэсний аудитын газрынхан шалгаад “улсын нууцад хамаарах бараа материал биш. Нээлттэй сонгон шалгаруулалт зарла” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн аж. Гэвч үл ойшоосон бололтой.

“Төрийн үнэт цаас” ТӨДХХК, “Мегасон”, “Жордан Топпен трейд” зэрэг компаниудын хооронд олон тэрбумын гүйлгээ хийгдсэн баримтууд шилэн дансанд бий. Энэ мэтээр Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Б.Батцэцэгийн но-г хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид ил болгож, олон тэрбумын луйврыг нь илчилчихээд байхад түүнийг шалгадаг газар алга. Гадаад паспорт хэвлэх нэрээр татвар төлөгчдөөс, иргэдээс хулгай хийж байгаа Б.Батцэцэг сайддаа хариуцлага хүлээлгэх ёс зүй МАН-ынхан, түүний дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газарт алга. Ёс зүйг өндөр түвшинд тавьдаг оронд бол танхимынх нь, намынх нь тэргүүн дуулианд холбогдоод байгаа албан тушаалтантайгаа уулзаад ёс зүй, сахилга, хариуцлага ярих ёстой сон. Хууль, хяналтын байгууллага ч аль эрт шалгаад эхэлчихсэн байх биз.

Харамсалтай нь, манайд гөлөг хуцахын дайтай ч авч хэлэлцэхгүй байна. Манай хууль сахиулагчид ч гэсэн эрх мэдэлтэнд долдой, энгийн ардад ширүүн харьцаж буйн илрэл ч энэ байж болно. Ганц саван хулгайлсан хүүд 10 жилийн ял шийтгэдэг хэрнээ эрх баригч намын том улс төрч нь том луйвар хийчихээд байхад хараагүй, мэдээгүй, сонсоогүй юм шиг таг чиг сууна. Б.Батцэцэг сайдын арыг ямар хүн хамгаалдаг болоод татвар төлөгчдийн мөнгийг луйвардсан байж болзошгүй олон баримт нь ил болчихоод байхад хариуцлага тооцуулахгүй байдаг юм бол оо!?

Я.БААТАР

News.mn

/2026.04.23/

Сэтгэгдэл бичих