АН хоронд орж, МАН хоёр хуваагдсан санал хураалтын дүнд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл парламентын босго даваад буй. УИХ-ын даргаасаа эхлээд, парламентад суудалтай намуудад ардчиллын эсрэг үзэл бодолтой гишүүд байгааг баталсан санал хураалтын дүн Монголын улс төрд шинэ МАНАН үүссэн гэдгийг илтгэв.
Урьдын түүхүүдийг харахад үзэл баримтлал бус эдийн засаг, эрх мэдлийн хуваарилалт дагасан ашиг сонирхолтой МАНАН буюу улс төрийн голлох хоёр хүчин МАН, АН дамнасан бүлэглэл Ерөнхийлөгч төвтэй оршиж ирсэн. Энэ удаагийнх ч тэр жишгээр явж байна. Гэхдээ сулхан. Учир нь шинэ МАНАН-д багтсан гишүүдийг “Дарамтлуулсан, айсан, авлигадуулсан, худалдагдсан, хууртсан, барьцаалагдсан, тохиролцсон” зэрэг муу муухай тодорхойлолт дагаж байна. Ийм тодорхойлолттой гишүүд өөрсдийнхөө буюу парламентын ардчиллын эсрэг кноп дарж, Ерөнхийлөгчид үйлчилсэн. Ерөнхийлөгчид таалагдах гэж намын үзэл баримтлал, иргэд сонгогчдоо үгүйсгэсэн АН-ын 18 гишүүн байгаа. Тэд нэг хүнд хэт их эрх мэдэл олгох хуулийг дэмжсэнээрээ олонхоороо хэлэлцэн шийдвэрлэдэг ардчиллын зарчмыг зөрчөөд зогсохгүй намынхаа бодлогыг сөрсөн.
Тэднийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж сонгогдон манлайлсан. Ерөнхийлөгч тэргүүтэй МАН-ын талаас 2017 онд есөн гишүүнтэй АН-ын бүлгээс Л.Болд, Ж.Батзандан нарыг урвуулж, УИХ-д бүлэггүй үлдтэл нь хагаралдуулж байсан шиг үйл явдал давтагдав. Тэр үед Л.Болд, Ж.Батзандан нар яг л одоогийн 18 гишүүн шиг шударга ёс ярьцгааж байлаа.
Энэ удаад Ерөнхийлөгчийн УИХ-ын гишүүний эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтын өмнө УИХ дахь АН-ын бүлэг ардчилсан парламентыг дархлаагүй болгох уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжээгүй. АН-ын 18 дээр ИЗНН-ын хоёр гишүүн нэмэгдсэнээр МАН-ын 37 гишүүнтэй хүч хавсарсан. Ерөнхийдөө АН-ын 18, ИЗНН-ын хоёр гишүүн УИХ дахь Ерөнхийлөгчийн фракцын жигүүр маягаар ажилласан.

Харин тэдний эсрэг талд өнгөрсөн 2017 оноос Монголын улс төрд сууриа тавьсан Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хамтрал буюу МАНАН зогссон. Энэ бүлэглэл анх 2017 онд Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хоршлоор үүссэн. Улмаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийн талынхан зайгаа авч, МАН дарга Л.Оюун-Эрдэнэ залгамжлан Х.Баттулгын МАНАН-д байр сууриа эзэлсэн байдаг. Энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн төслийг хэлэлцэхэд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хамтарсан МАНАН-гийн 44 гишүүн эсрэг санал өгсөн ч цөөн хувиар ялагдаад байна. Энэ 44 дотор УИХ суудалтай таван намын төлөөлөл АН төвтэйгөөр тогтож байгаа. Яг санал хураалтын өдөр тасалсан, чөлөөтэй, гадаад томилолттой байсан гишүүд олонх нь 44 бүлгийн талынх бөгөөд хэлэлцүүлгийн явцад тэд хүч нэмэн орж ирнэ. Үндсэндээ 25 гишүүн санал хураалтад оролцоогүй. Тэд нэмэгдвэл, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын МАНАН УИХ-д олонх болж, Ерөнхийлөгчийн дарангуйлал тогтоох хуулийг унагаагаад зогсохгүй төрийн эрх барих боломжтой.

Эх сурвалж:
Д.Мягмардорж /NEWS.MN/