Ойрхи Дорнодод цаг хугацаа шулуун шугамаар явна гэж үгүй. Нэг шөнө дундаас гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болж, өглөө нь нефтийн үнэ унаж, үдэд нь цэргийн шинэ тулаан эхэлдэг. Энэ бол логикийн алдаа биш, харин энэ бүс нутгийн хэвийн хэмнэл. Дональд Трамп Израиль болон Хезболлахын хооронд 10 хоногийн гал зогсоох тохиролцоо зарлахад Хезболлахын нөлөөгөөр Ираны вассал болоод байгаа Ливан үүнийг дэмжиж, Хезболлах харин “Энэ тохиролцоог болгоомжтой дагаж мөрдөнө” гэв. Гэхдээ газар дээрх бодит байдал хэвээр. Израиль өмнөд Ливанд цэргээ хадгалсаар, өмнөх саруудад эрчимжсэн цэргийн мөргөлдөөн олон мянган хүний амийг авч, нэг сая гаруй хүнийг дүрвэхэд хүргэсэн тэр фронт “түр намдсан” төдий.
Үүнтэй зэрэгцэн Вашингтон өөр нэг фронтыг хаав. АНУ Сирид байрласан бүх цэргээ гаргаж, баазуудаа Дамаскт шилжүүлснийг АНУ-ын Ойрхи Дорнодын цэргийн удирдлага болох CENTCOM баталлаа. Сирийн тайлбар энгийн. Исламын улсын аюул буурсан учир цаашид терроризмын эсрэг ажиллагааг өөрсдөө удирдах боломжтой. Гэвч бодит утга нь илүү том. АНУ нэг талбараас ухарч, дараагийн илүү чухал цэгт анхаарлаа төвлөрүүлж байна. Тэр цэг нь Ормузын хоолой.
Дэлхийн нефтийн бараг тавны нэг нь дамждаг энэ нарийхан усан зам дээр Иран түр хугацаанд хаалгаа нээж, худалдааны хөлгүүдийг тодорхой маршрутаар нэвтрүүлэхээ мэдэгдэв. Үр дүн нь шууд мэдрэгдэв. Нефтийн үнэ 11 хувиар буурлаа. Гэхдээ энэ бол зах зээлийн хариу үйлдэл болохоос биш энх тайвны баталгаа биш. Учир нь АНУ нэгэн зэрэг өөр дохио өгч, Ираны эсрэг тэнгисийн хаалтаа энхийн гэрээ байгуулагдах хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, хоолой нээгдсэн ч дарамт хэвээр. Харин Европ идэвхжив. Кир Стармер болон Эмманюэль Макрон нар Франц, Их Британиар ахлуулсан олон улсын тэнгисийн аюулгүй байдлын ажиллагаа эхлүүлэх болсныг зарлаж, худалдааны усан онгоцны чөлөөт хөдөлгөөнийг хамгаална гэв. Арваад улс дэмжихээ илэрхийлсэн. Харин Фридрих Мерц Германы оролцоог зөвшөөрөхөд бэлэн ч “Дайны гал намжиж, НҮБ-ын эрх зүйн суурь бүрдэх ёстой” гэж мэдэгдэв. Европын дипломат хэлээр энэ нь энх тайвныг дэмжинэ гэсэн үг. Гэвч бодит үнэн нь дэлхийн нефтийн урсгалыг хамгаалах. Харин АНУ-ын ерөнхийлөгч сэтгүүлчдэд “НАТО-гийнхан бүх зүйл дуусах шатанд орсны дараа “Бид Ормузын хоолойг хамгаалахад тусалмаар байна” гэсэн.Би тэдэнд “Та нар хэрэггүй болсон. Хол бай” гэж хэлсэн гэж мэдэгдэв. Гэтэл Ормузын хоолойг Иран нээсэн гэж мэдэгдсэнээс хойш нэг хоног ч хүрэлгүй дахин хаав. Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ шантаажид бууж өгөхгүй. Хаалтаа үргэлжлүүлнэ” гэж
мэдэгдэж энэ сарын 22-нд дуусах АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээр сунгагдах эсэх тодорхойгүй хэвээр үлдэв. Гэхдээ өнөөдөр Европ, Азийн ардчилсан, хөгжингүй улсууд болон АНУ тусдаа бодлого явуулж эхэлсэн нь аль ч дарангуйллын тогтолцооны хувьд тэдний эрин дуусч буйг илтгэх маш том хүчин зүйл билээ.
Ойрхи Дорнодыг ойлгохын тулд нэг энгийн дүрэм байдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Энд дайн, энх тайван хоёр ээлжилдэггүй, харин зэрэгцэн оршдог. Буу дуугарч байх үед дипломатчид гар барина. Харин тэд гар барьж байх зуур хаа нэгтээ пуужин нисэж, хүмүүс үхсээр байдаг. Фридрих Мерц Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд “Ливантай шууд хэлэлцээ эхлүүл” гэж уриалсан нь Европын логикоор зөв. Дайныг зогсоох хамгийн хурдан арга бол яриа. Гэвч Тель-Авив өөр логикоор ажиллана. Биньямин Нетаньяху нэгэн зэрэг “ярилцана” ч гэв, “довтолно” ч гэв. Европт энэ бол зөрчил. Харин Ойрхи Дорнодод энэ бол хэвийн байдал. Учир нь энд хэлэлцээ бол энх тайвны хэрэгсэл биш, дарамтын нэг хэлбэр. “Ярина” гэдэг нь ихэвчлэн “бууж өг” гэсэн дохио байдаг. АНУ ба Ираны хоорондын түр эвлэрэл ч ялгаагүй. Нэг гэрээ, хоёр тайлбар, гурав дахь бодит байдал нь буудалцаан үргэлжилсээр байдаг. Энэ бүхний дундаас хамгийн чимээгүй атлаа хамгийн том өгүүлбэр нь Фридрих Мерцийн хэлсэн үг байв. Тэр “Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад Герман оролцоход бэлэн” гэсэн. Энэ бол дипломат өгүүлбэр. Гэвч цаад утга нь ил тод. Дэлхийн эдийн засгийн судас хаагдаж болохгүй. Ингээд бүх тоглогчдын байр суурь тодорхой болов. АНУ усан замыг нээлттэй, бас өөрийн нөлөөнд байлгахыг хүснэ. Иран бүс нутгийн нөлөөгөө хадгалахыг зорино. Израиль аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрмэлзэнэ. Европ тогтвортой байдал, шатахууны урсгалыг нээж бас үүнийг хамгаалахыг хүсэж байна. Хүн бүр өөр зорилготой, гэхдээ бүгд нэг цэг дээр огтлолцож байна. Тэр бол Ормузын хоолой.
Иймээс 10 хоногийн гал зогсоох хэлэлцээр бол төгсгөл биш, зүгээр л завсарлага. Ормузын хоолой нээгдсэн нь шийдэл биш, амьсгаа авах боломж. Геополитикт ялалт гэдэг туг мандуулах мөчөөр хэмжигддэггүй. Харин хэн хамгийн удаан тэсэж, хэн хамгийн эхэнд мөнгөгүй болсон нь бууж өгдөг тоглоом. Өнөөдрийн бодит үнэн ч энгийн. Дайн дуусаагүй. Зүгээр л хэлбэрээ сольж байгаа явдал.Ойрхи Дорнод ийм л байсан. Өнөөдөр ч ийм л байна. Харин энэ удаа Иран ялагдаад зогсохгүй, дэглэм нь өөрчлөгдөх болно. Учир нь саяхан Ираны “хан хүү” хэмээн нэрлэгддэг Реза Пехлеви Исламын хувьсгалыг хамгаалах корпуст хандан зэвсгээ хураалгаж, улсаа бодож, ард иргэдийнхээ талд орохыг уриалсан.Энэ бол зүгээр нэг улс төрийн уриалга биш. Исламын хувьсгалыг хамгаалах корпуст бол Ираны дэглэмийн гол тулгуур, цэрэг-улс төр-эдийн засгийн хосолсон гол хүч тул энэ бол Ираны өнөөгийн дэглэмийн суурийг сулруул гэсэн үг. Иймээс энэ уриалгад бодит хариу өгөх магадлал бага. Гэхдээ энэ нь Ираны өнөөгийн удирдлагын системийн дотоод хямралын ан цав дээр гадны буюу Ираны иргэдийн замыг заах сөрөг хүчин нэмэгдэж байгаа явдал юм.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА
"Өдрийн сонин"