Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт ТББХ-ны хуралдаанаар дээрх хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн. Өчигдөр буюу пүрэв гарагт чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэж 101 гишүүн хуралд оролцов. Ингээд 56.4 саналаар хэлэлцэхээр боллоо. Ер нь бол Ерөнхийлөгчийн хууль урагшилж байна. Энэ хэрээр нийгэмд сэдэв, ордонд талцал хуваагдал даамжрав. Энэ хууль дээр эргээд л МАН салж сарниж байх шиг. МАН байтугай эсэргүүцээд сууж байх ёстой АН хүртэл хуваагдлаа. АН байтугай ИЗНН хүртэл голоороо салав. ХҮН нам хүртэл хүнээ байв.
Мөн айхавтар юм болж байна. Эдгээр улс төрийн хүчнүүд дээр товч дүгнэлт өгье. Аль ч намын гишүүн байсан шууд ил цагаан чуулганы танхимд ирж суугаад улаан нүүрээрээ саналын кноп дарснууд нь ОК шүү. Харин шалтгаангүйгээр алга болсон УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, С.Амарсайхан, Д.Батбаяр, Г.Дамдинням, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Ц.Туваан, Г.Уянгахишиг нар бол аймхайчууд юм. Гадаад томилолттой гээд бултсан Х.Баттулга, Д.Ганмаа, Т.Доржханд, Х.Жангабыл, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа нар бол нэг хурган зальтнууд, үнэн нүүр царайнууд. Эмнэлгийн чөлөөтэй гэх Х.Болормаа, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат эд нарыг яалтай билээ. Чөлөөтэй гэх Б.Уянга гэж гишүүн гарсан. Энэ дүр зураг, хандлага бол олон юмны илэрхийлэл. Ер нь дуулиантай санал хураалт гэж болно. Эгүүлэн татах хуулийн тухайд УИХ-ын гишүүдэд өөрсдөд нь маш халгаатай хууль юм шүү. Гэвч дэмжиж, батлагдах зам дээрээ явж байна.Одоо ингээд байнгын хороодоор хэлэлцэгдэнэ. Өнөөдрийн өнгө 50+1 гэсэн байдлаар явсаар хаана хүрэх нь үү. Уг нь ахиулмааргүй, газар авахуулмааргүй байгаа юм.
Анхнаасаа “Ардчиллын суурь үндэс болсон Монголын парламентын дархлааг сулруулж, эрх зүйн чадамж, бүрэн эрхт байдлыг алдагдуулан, парламентын ардчиллыг саармагжуулахад хүргэж болзошгүй тус хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх нь зөв, эсэх тухай...”-д гишүүд олонхоороо эргэлзэх хэрэггүй л байсан юм. Шууд л буцаах, унагах байх гэж хүмүүс харж хүлээж байлаа. Тэгсэнгүй, ямар нэг хүчирхэг зүйлийн нөлөөгөөр үргэлжилж байна.
Гэвч бүх зүйл дуусчихаагүй байна. Гараан дээрээ л явна. Одоо УИХ-ын шат шатанд тухайн хуулийн зүйл заалт нэг бүр дээр гишүүд нягт, чамбай ажиллах ёстой. Ардчиллын дархлаанд халдаж болох үг, үсэг бүрийг авч хая. Жишээ нь: ЁС ЗҮЙ гэдгийг яаж хуульчлах юм. Дэлхийн жишиг ямар байдаг юм. Угаасаа хуульчлагдаж болдоггүй ганц зүйл нь ЁС СУРТАХУУН юм уу... Үүнийг маш тодорхой болгох ёстой. Судлаачид, том улстөрчдийн ярьж бичиж байгаа шиг “Ёс зүй бол хаана ч хуульчлагддаггүй зүйл юм” гэдгээ баривал энэ хууль угаасаа ач холбогдолгүй болно. Хэрэвзээ хүчээр “Ингэж хуульчилж болно...” гээд бярдвал үр дагавар нь юу болох вэ. Хэн нэг нөлөө бүхий этгээдийг хэл амаар доромжиллоо гэсэн шалтгаанаар хуулийн зүйл заалт тулгаж “Эгүүлэн татвал” энэ нь ардчилсан парламент ёсонд хэр нийцэх вэ. Мууг нь дуудаж, мулзалж байж л цайчихсан луйварчдын шуналыг хазаарлаж байгаа шүү дээ. Тиймгүй болчихвол яах вэ. 126 дотроос эхлээд таван гишүүнийг “Эгүүлэн татахад” Монголын төрийн эрх барих дээд байгууллага шууд айдас хүйдэст автана. Бусад засаглал парламент ёсны дээр нь гарч сууна. Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал орой дээр заларна. Бидний хувь заяаг шийднэ. Тэдний жадны үзүүр, сэлэмний ир нь Үндсэн хуулийн Цэц байх болно. Ерөнхийлөгчийн нөлөө тэнгэрийн луу мэт болно.
Ер нь ардчилал мөхөж, ардчилсан үзэл санааг маань үргэлж дэмжиж, тэтгэж ирсэн гурав дахь ч гүрнүүд нүүр буруулна... Цааш үргэлжлүүлбэл коммунизм, социализм, авторитар дэглэм л ханхална даа. Ард түмнээсээ сонгогдсон Ардын засгийн эзэд мөн л юм бол УИХ-ын гишүүд та бүхэн одоо ажилла. Наад Эгүүлэн татах хуулиа байнгын хороо, бусад хэлэлцүүлгүүдийн шатанд таслан зогсоо. Өөрсдийнхөө үед Монголын парламентыг булшилсан нэрээр түүхэнд битгий үлдээрэй.
Б.Нямаа
"Өдрийн сонин" /2026.04.17/