Өнөөдөр УИХ л Ерөнхийлөгчийн өргөн барьсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль"-ийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор “хэлэлцэх нь зүйтэй” гэсэн санал гаргасан. Өнөөдөр чуулганаар энэ саналыг дэмжих эсэхийг шийднэ гэсэн үг. Үүн дээр гишүүд харилцан адилгүй байр суурьтай байгаа бөгөөд өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хуулийн талаарх байр сууриа хүчтэй, харизмтай илэрхийлсэн. Түүний хэлсэн үгээс товчлон хүргэвэл "Энэ хуулийг УИХ батлах ёстой. Хулгайч дээрэмчин, ажилдаа ирдэггүй гишүүд байна. Та нар нэгийг бодож, хоёрыг тунгааж бодох ёстой. Энэ бол тоглоом биш. Төрийн тэргүүний албан тушаал гэж байдаг. Монголын гурван сая таван зуун мянган хүнийг төлөөлдөг ганц хүн нь төрийн тэргүүн. УИХ-ын гишүүдийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй гэдэг. Гэвч тэд тойргоо л төлөөлдөг. Тэд тойргийн эрх ашгийг л ярина. Би хэн нэгнийг шийтгэх гээгүй", хэлмэгдүүлэх гээгүй гэхчлэн хэллээ. Түүний үг ууртай,ямар нэг юманд шаралхсан, гоморхсон, бас заналхийлсэн өнгө аястай байсан нь нийт ард түмэнд түгшүүр төрүүлэхээр байв. Яг цагаа тулахаар бүх ард түмний элч төлөөлөгч болох УИХ төр барьж байгаа биш, ганц ерөнхийлөгч л төр барьж байгаа гэсэн утга агуулгатай байгаа нь бидэнд эргэлзээ төрүүллээ. Бид ямар төрт улсад амьдарч байгаа юм бэ гэж эргэцүүлэн бодоход хүргэж байна. Лав л нөгөө гайхуулан ярьдаг ардчилсан улсад бол бид амьдардаггүй бололтой. Харин хаантай улсад амьдарч байна уу,ганц даргатай улсад амьдарч байна уу. Нийгэм судлаачид энэ талаар бүх ард түмэндээ хэлж тайлбарлах шаардлага үүсч байх шиг байна. Үндсэн хуульдаа “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ” гэж заасан нь цагаа тулахаар зүгээр л цаас юм биш үү. Улсыг ганц дарга мэдээд жаргал цэнгэлд хүрч байсан удаа байхгүйг бид нүдэн дээрээ харж байна. Оросын Путин, Венесуэлийн Модура гээд дурдвал түм бумаараа гарч ирнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг манай улсыг хааш нь хөтөлж байгаа вэ.
Ө.Тулга