Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболттой холбоотой гэрээний сонсгол хийх саналыг дэмжээгүй билээ. Үүний дараахан УИХ-ын хэсэг гишүүд үүнийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийж, "Улсаа бодох уу, улс төрөө бодох уу? Харбины гэрээ хоёр улсын Засгийн Газар хооронд байгуулагдсан гэрээ. Үнэ хямд алдагдалтай байгуулсан гэж үзвэл би шалгуулахад бэлэн.
Нүүрсийг 50 хувь хямд зараад байгаа юм ерөөсөө байхгүй.
Манай урд хөрш энэ асуудалд маш их эмзэглэж байгаа. Та нар өөрсдөө гуйж ирсэн. Бид нар та нараас нүүрс авах албагүй ээ. Та нар бидний нэр хүндэд маш их халдаж байна. Биднийг хөрш орноосоо хямдхан нүүрс авсан мэтээр дэлхий дахинд манай улсын нэр төрийг гутааж байна.Үүнийг хэд хэдэн удаа маш хатуу илэрхийлсэн.Бидний зардаг нүүрс Хятадын нийт нүүрсний 2-хон хувь. Ийм л утгагүй хэрүүл хийхээ болимоор байна, улсаа бодоцгооё.
Хятадын талаас: "Та нар сонсгол хийхээрээ нэг нэгнээ гутаан доромжилдог, сонсгол хийвэл тэрэн шигээ л манай улсыг гутаан доромжилно гэдгийг мэдэж байна. Иймээс Харбины гэрээний сонсголыг УИХ-аар хийвэл хилээ хааж, нүүрс авахаа болино гэж ярьдаг" гэв.