“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт шинэ коронавирусний халдвар гарлаа гэсэн мэдээлэл олон нийтэд түгсэн учир ЭМЯ-наас өнөөдөр 16.51 цагт шуурхай мэдээлэл хийлээ.
Тус эмнэлэгт хавдрын улмаас эмчлүүлж байсан 80 гаруй насны болон уушгины бронхиттой 40 гаруй насны 2 хүнд хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэхүү хариуг PCR шинжилгээгээр баталгаажуулдаг бөгөөд уг шинжилгээний хариу маргааш гарах юм байна.
Өндөр настай өвчтөн нь нэлээд удаан эмнэлэгт хэвтсэн бөгөөд уушги нь сүүдэртэй байсан тул тест тавьсан аж. Уг өвчтөнтэй Улаан-Үд яваад ирсэн ач хүү нь 3 дугаар сарын 20-дын үеэр очиж уулзсан юм байна. Одоогоор тус өвчтөнийг Сонгдо эмнэлэгт нь тусгаарлаад байгаа бол нөгөө өвчтөнийг ХӨСҮТ-д шилжүүлжээ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа, “Манай улсад хэд хэдэн төрлийн түргэн оношлуур хэрэглэж байгаа бөгөөд эдгээрийн мэдрэг чанар нь янз бүр байдаг. Ер нь бол түргэвчилсэн оношлуураар вирусийг биш, харин цусанд нь үүссэн антитилыг илрүүлдэг. Одоогоор ДЭМБ-аас түргэвчилсэн оношлуураар оношлохыг зөвлөхгүй байгаа. Сэжигтэй хүмүүсээс дандаа амьсгалын замын сорьц буюу хамар, хоолойн арчдас аваад PCR шинжилгээ хийж баталгаажуулж байгаа” хэмээн дээрх шуурхай мэдээллийн үеэр хэлэв.