УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ, хариуд нь...

оруулсан Алсын Хараа

Жил болгоны хавар улс төр халдаг. Жам маягийн л юм. Гэвчиг сүүлийн үест тэр халуурал алга болсон. Оронд нь аймшигтай улайсалт орж ирсэн. Сүүл рүүгээ хууль ёсны хэмжүүр, хашааг даваад алга боллоо. Тэгснээ ёс зүй ярих...

Уул нь Монгол Улс дэлхийгээс болоод өөрсдөөсөө шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийн өмнө ирээд байгаа. Лав одоо амьд байгаа хүмүүсийн урьд нь үзээгүй их хямралыг бид туулж магадгүй. 100 хувь импортын эдийн засагтай улс учир зарим хүний бодлоор хилээ Хятад, Орос хоёроо муулаад сайнаа үзэхгүй. Зүдэрч ядаж байхад Г.Занданшатар есөн сар Ерөнхий сайд хийхдээ орлогын крантуудаа хаачхаад буусан. Оюутолгойн арбитрын маргаанд унах, зарим компанийн АМНАТ-ийг 200 тэрбумаар хөнгөлсөн зэрэг нь зүдэрсэн эдийн засгийг уламхүү зутраах нь дамжиггүй. Н.Учрал дээр ачаа болж ирж буй. Дэлхийн эдийн засагт чихээ тавьж суух зуур нь шатахуун импортлогчид хэвлэлийнхний аманд мөнгө чихэж байгаад үнээ нэмчихлээ. АНУ Ираны хооронд Ормузын хоолойн дайн болж байгаа. Тэрүүгээр айлгаж байгаад нэмчихнэ лээ. Статистикийн газраас дөрөвдүгээр сарын 6-нд: Дизель түлш ШТС-уудаар 3980-3990 төгрөг, АИ-80 шатахуун 2315-2370 төгрөгийн үнэтэй байна. АИ-92 шатахуун 2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр 2390 төгрөгийн үнэтэй байсан. Тэрнээс хойш 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл тогтмол 2590 төгрөгийн үнэтэй байв. АИ-95-ыг 2026 оны гуравдугаар сарын 16 хүртэл 3610 төгрөгийн үнэтэй байлгаад дөрөвдүгээр сарын 6 гэхэд 4010 төгрөгийн үнэтэй болгосон гэж мэдээлжээ. Одоогоор Ормузын хоолойн хямрал Монголд ирэх болоогүй. Тэр дундаа шатахуун дээр падлийгүй байна. Оростой л учир начраа олоод явахад болно гэдгийг юм мэддэг хүмүүс хэлээд байгаа. Мөнхүү махны үнэ талийсан. Шатахуун өсөхөөр махны үнэ нэмэгдэх нь зүй ёсны тооцоо.

Ийнхүү гаднаас ямар ч орлогогүй, доторх гүйлгээгээ хаах, эсхүл хасах бодлогыг Засгийн газар зарлаж байна. Аргаа барж л буй хэрэг...

Гуравдугаар сарын 16-нд УИХ-ын хаврын чуулган эхэлсэн. Сар боллоо. Шийдсэн юм нэг ч алга. Ганц хууль тойроод салж унатлаа улстөржиж байна. Тэр хууль нь Ерөнхийлөгчөөс гуравдугаар сарын 9-нд УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар гишүүнийг эгүүлэн татах агуулгатай. Ерөнхийлөгчийн төлөөлөгчид: Ард нийт хүсэж байгаа учраас Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож эгүүлэн татах хууль санаачилсан гэж мэдэгдсээр байна. Харин УИХ-ын дийлэнх гишүүд: Ерөнхийлөгч парламентын засаглалд халдлаа гэж үзэж байгаа.

Ерөнхийлөгч зүгээс:

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёс зүйн хувьсгал хийе гэж УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилсан.

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр: УИХ-ын гишүүд ёс зүйн дүрмээр зөвхөн цалингийн 20 хувь хүртэлх хувиар торгуулдаг. Энэ бол давхар стандарт. Ард иргэдийн ирүүлж буй гомдол, өргөдөл санал ч бий. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл бол олон зүйлийг шийднэ. Ёс зүйг хэрхэн тодорхойлохыг УИХ-ын гишүүд өөрөө шийднэ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: УИХ-ын гишүүд өөрийгөө эгүүлэн татах хуулийн төслийг оруулж ирэхгүй юм байна гэдгийг бид харлаа. Ард түмний, нийгмийн хүлээж буй энэ төслийг Ерөнхийлөгч л өргөн барих юм байна. Энэ хууль үндэсний аюулгүй байдал, парламентын засаглалтай холбоотой гэсэн байр суурийг хэлцгээсэн.

УИХ талаас:

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Хууль санаачлагч болон уг хуулийг танилцуулж байгаа хүмүүсийн парламентад хандаж байгаа хандлагыг монголчууд харлаа. Үгэнд ор, эсвэл боль гэдэг байдлаар парламентад эзэн суужээ. Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн Ерөнхийлөгч болж хувирсан байна. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй. Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Энэ хууль парламентын дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой, сахилга бат муу байгаа учраас нэр хүнд унаж байгаа гэж асуудлыг нь зөв тодорхойлсон. Гэхдээ шийдэл чинь залхуу байна. Та бүхэн ерөөсөө хүнтэй л зууралдаад байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төрийн эрх баригч байгууллагын эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй. Тэгэхээр энэ төсөл Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн байдалд оруулж байна.

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Олон нийт ёс зүй шаардаж байгаа. Гэхдээ яг үнэндээ хуралдаа сууж байна уу, ямар үг хэлж байна гэдэг асуудал биш. Авлигатай, хулгайчидтай хариуцлага тооц гэж шаардаж байна. Үүнийг дөрөөлж, үгэнд нь орохгүй байгаа, дар гэсэн кнопыг нь дарахгүй байгаа хүмүүсийг нухчин дарж, эргээд гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй намын хэлснийг дагадаг нөхөд бүрдэнэ гэх мэтээр байр сууриа илэрхийлцгээсэн.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг баасан гарагийн өдрийн чуулганы санал хураалтаар шийдэх байв. Тэр үед АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин: АН-ын ҮБХ-ны хурал дуусаагүй тул гишүүдийн ирц хангалттай биш байна. Энэ хууль нь парламентыг хариуцлагатай болгохтой холбоотой, нөгөө талаасаа парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулж болзошгүй гэдэг шүүмж өрнөж байгаа. УИХ-ын гишүүдийн ирцийг сайжруулж, байр сууриараа саналаа өгөх боломжийг хангах үүднээс АН-ын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага хүсэж байна гэсэн. Тэгээд энэ долоо хоногийн сүүлч хүртэл хойшлоод байна.

Ингэлээ гээд Ерөнхийлөгчийн хуулийг тойрсон анир дарагдсангүй. Баасан гарагийн дахийн оройноос эхлээд амралтын өдрүүд дамнаад энд тэнд бүрчиг их яригджээ. Хуулийг дэмжүүлэх талаар гишүүдтэй машид идэвхтэй ажиллажээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал хоёр гишүүдийг “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж шахжээ. Гишүүд УИХ-ын даргын шахаанд ихээхэн дургүйцэж эмзэглэсэн байна. Тэд С.Бямбацогт хэт хүч түрж даргалах гэлээ. Ерөнхийлөгчид налж, бидэнд дээрэнгүй хандаж байна. Пүрэв гарагт санал хураалгачих байсан. Гэтэл барьж байгаад нөхцөл бүрдэхийг хүлээлээ. Ерөнхийлөгийн хуулийг дэмж гэж гишүүдэд тулгаж байна гэж өөр зуураа шивнэлдэж. Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал ч: Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй бол МАН муухай харагдах гээд байна хэмээн гишүүддээ үүрэг болгосон гэх мэдээлэл түгсэн.

Хариуд нь: МАН-ын гишүүд бололтой, УИХ-ын даргаар өөр хүнийг томилох нь зөв юм байна гээд гарын үсэг зурах ажлыг эхлүүлсэн мэдээ байна. Мөнхүү: Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах санаачилга АН-ын нэг гишүүн эхлүүлээд гарын үсэг цуглуулаад эхэлж. Гэвчиг Н.Учралтай холбоотой гарын үсэг Ерөнхийлөгчийн хуулиас өмнө эхэлсэн гэж сонстож байна.

Базах нь ээ: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас болоод дахиад л УИХ-ын даргыг, ахиулаад Ерөнхий сайдыг солих процесс өрнөж магадгүй нь дээ…

Ө.БИЛЭГ

"ӨДРИЙН СОНИН"

/2026.04.13/

Сэтгэгдэл бичих